Thursday, November 19, 2009

Зөөлөн, зөөлөн буух цэнхэр манан...


Дунд сургуульд байхад манай гэр зүүн дөрвөн замын урдхан талд байрладаг байлаа. Яагаав хуучны дуунуудын нэгэнд “Улаанхуаран, Цагаан хуаран, Улсын цирк, Драмын театр, орох газаргүй болтлоо тэнэлээ...” гээд байдаг дээ. Тэрхүү дууны Цагаанхуаран гэх газарт би амьдардаг байж билээ. /Одоогийн Сэлбийн гүүр, Арслантай гүүр, Зүүн дөрвөн зам, Нарантуул захын дундах хэсэг газар/

Саяхан нэг очиход нил барилга, нөгөө чулуун ширэнгэ гэгчээр юм болчихсон байна билээ. За тэгээд бага байхад, өглөө бүр зургаа, долоон цагт ч билүү бас бус цагуудад галт тэрэг тачигнан өнгөрнө. Тачигнах гэдэг тийм аятайхан үг биш боловч галт тэрэгний тухай өөрөөр юу гэж ч хэлэх билээ. Галт тэрэг “урсан өнгөрөв” гэж хэлж болохгүй шүү дээ. Өглөө бүр унтах нойрон дундуур галт тэрэгний өнөөх “тачигнах” дуу замхаран сонсогддог байв. 

Хүүхэд байхад тэр дуу яагаад ч юм түвэгтэй санагддаггүй байлаа. Харин өнөөдөр бол дуу чимээний бохирдолд автаж буй нийслэлийн бас нэгэн бохирдуулагч нь болоод байгаа юм бишүү айн. Манайх яг худгийн хажуу талын айл. Худгийн ойр орчимд л тоглож өссөн. Нэг удаа манай хамар хашааны ах машин худалдаж авсан юм. Тэгээд түүнийгээ өдөр болгон угаана. Би тэрийг нь өдөр болгон хашааны завсраар харна. Тэгээд өдөр бүр машиндаа маш чанга дуу тавина. Нүргэлсэн, зунгааралдсан, магадгүй гяхтнасан чимээ бүхий дуу хөгжмүүдийг сонсдог ах байлаа. Одоо бодоход овоо рок ах байж дээ.  107,5 билүү 105,5 ч билүү хөгжмийг мань ах бас их сонсоно оо. Тэгээд тэр үед би зургаа бил үү, долдугаар ангийн жаал байлаа. Нэг удаа би яагаад ч юм гэрийнхээ гадаах эвхдэг орон дээр хэвтэн үд дунд унтаж орхижээ. Тэгээд нэг хэсэг унтаа ч биш сэрүүн ч биш сонин төлөвтэй болох үед “Чи ииии алсын холруу намайаааайайайайайайг дагуулнаааа...” гэх дуу бүдэг бадаг сонсогдоод дундуур нь хэн нэгэн радио хөтлөгч “Шөнийн галт тэрэг хамтлагийн уран бүтээлээс” гэж хэлэх аж. Сэрээд энэ талаар юу ч бодолгүй. Хашааны завсраар гайхал ахын машинаа угааж байгааг бас найз охинтойгоо усаар байлдаж байгааг нь харлаа.

Нэг өглөө өнөөх 6,10-ын галт тэрэг маань тачигнан өнгөрөх үед зүүдэнд сонсогдсон дууны талаар учиргүй бодолд автан бодож билээ. Өдөр нь кассетны саарал хөгжимдөө “Зөөлөн”-г санамсаргүйгээр сонсоод тэр даруйдаа дуртай болж. Кассетнд хураагаад л хэхэ. Зөөлөн зөөлөн буух цэнхэр манан... гээд яг юуны тухай дуулаад байгааг нь сайн ойлгохгүй тэгсэн атлаа нэг л мэдрэмж төрүүлээд болдоггүй тэгээд л сонсоод л байдаг байж. Дараа нь энэ хамтлагийн бүх л дуунуудыг сонсож дурлаж дуунууд шиг  орчлонгоос тасарч. “Их завсарлага” гээд Булсара, Нисванис, Отгоогийн хамтарсан тоглолтыг нэг сахилгагүй охинтой хамт үзнэ гээд, тэр билетийг минь алга болгоод үзэж чадаагүйдээ харамсч өнгөрч билээ хэхэ. Би Одоо ч сонсох дуртай хэвээрээ. Хүмүүс монголын анхны альт, инди,  артрок дра дра гээд хэлдэг юм билээ. Бүх л жанр, өнгө аясын дуу бий л дээ эднийд. “Сонор рекордс”-оос Татартай хамт лэйблдэж гарч ирэхэд манай үеийнхан Татарыг түлхүү сонсоод явцан л даа. Энэ гоё цомог одоо гадуур олдку л дээ. "Цэнхэр шувуу, си ди шопоос нисээд явцан" гэж хэхэ.