Sunday, October 16, 2011

Өрнийн шүлэг



Өөрийгөө тойруулж тоосгоор битүү өрөх адил
Өрөө ч биш авс ч биш ганцаардалд автуулсны
Цаад учир нь чи билээ, чи билээ
Хуурамч инээмсэглэгч чи билээ
Хувилгаан чоно саранд улих
Транселваны домгууд энэ шөнө биелэнэ
Хутга болоод бууг үл ажрах
Төгс төгөлдөр бие цогцостон айсуй
Архирах дуунд нь зүрхээ дарах
Арчаагүй хүн төрхтнүүд бүгд зугт
Гагц намайг ганцаардлын тоосгон хана дунд хорьж чадсан
Галзуу удганы дараа төрөлтөн л түүнтэй тулалдана

Wednesday, October 12, 2011

Энгийн шүлэг

Энд хэзээ ч байгуулагдахгүй жазз бааруудыг хүлээж залхахдаа
Их олон хөгжимчин баян хуураа үүрэн их сургуулийн гудамжнаас явжээ
Эвлэгхэн кантри, этгээд блюзийг дуу хөгжмийн багш нар л санах болсноос хойш
Ихэмсэгээр смоукинг өмсөх атлаа, адгуус магтаж дуулагчид дэндүү олон болчихжээ
Дагшаа хэмнэлд халамцаж алхахыг хүссэндээ
Энэ хотоос залуус явах болно, тэдний нэг нь би
Дандаа уянгын дуу дуулдаг солгой гитарчин ах
Телевизийн “алтан фонд”-оор гарахад шүүрс алдаад
Багшийн сургууль, төмөр замын вокзал руу зөөлнөөр алхаж
“Тэндээс л хөгжим эгшиглэх ёстой гэж” хэлэн анирдана
Энд хэзээ ч байгуулагдахгүй жазз бааруудыг хүлээж залхахдаа
Энд хэзээнээс ч юм үзэгдсэн Ливерпүүлийн дөрвийн хөшөөнд мэхийн өнгөрөхдөө
90-ээд оны гранж, 70-аад оны панкийн тухай урамгүйхэн бодож
Эртний танил, домогт гитарчны хөшөөг интернетээр хараад хүчээр уйлна.

Wednesday, October 5, 2011

Тэнгисийн шүлэг



Зах хязгаарыг нь хайж залхахдаа тэнгисийн дунд
Ганц цахлай гашуудлын тухай дуулжээ
Хувь зохиолыг нь зөгнөх эрх надад үгүй тул
Худал гүтгэлэг мэт шүлэг бичмээргүй байна
Ярьсан бүхний минь утга төгсөх албагүй болохоор
Яаруулж надаас битгий асуу, битгий шаард
Харанхуй руу шунгах шаардлага цахлайд байсныг
Харахыг хүсээгүйдээ сохорчихсон гэнэ лээ бид
Одоо л амжиж нисэхгүй бол дахиж уулзахгүй нь гэж
Боомтын манаач суг таягаа даялан сургааль айлдах шиг
Ойлгомжтой атлаа үл зөвшөөрөм яриа тэнд өрнөснийг
Ор тас мартаад би цахлайн зүг аврагч мэт сэлүүрдсэн
Хүйтэн давалгаандаа хөл хүргэх хүсэлгүй тэнгисийн эзэн
Хүний үнэргүй амьтдыг залгидаг гэж би тайвширсан ч
Эрчит шуургандаа эмгэнэлийн дохио хангинуулсаар
Завийг минь хөмөрч, сэлүүрийг минь хугалжээ, тэр их хүчин
Одоо л амжиж нисэхгүй бол дахиж уулзахгүй нь гэж
Боомтын манаач суг таягаа даялан сургааль айлдсан шиг
Бүдэг дуун ноёлосон усны ертөнцөд
Бүрээ болоод бөмбөр яагаад нүргэлэх шаардлагагүйг ойлгох
Сүр жавхлант нам гүм энэ л орчинд
Сүүдрээсээ би салж, эрхшээл дундаас эрх чөлөөг олжээ
Харанхуйд шунгах шаардлага надад байсныг
Харахыг хүсээгүйдээ сохорчихсон байжээ би...
2011.10.05