Thursday, September 29, 2011

Чамд миний тухай төсөөлөл төрвөөс...



* * *

Жаахан хөвгүүн мэт элсэн дээр сараачин
Жаргах нарны дор удаан суунам, би
Үй олон тогоруу талын мандалд айсуй
Үүлэн өмсгөлийн хормой дэрвэлзсээр
Үзэх нүдний өмнө чи ирнэ
Уйтгарт сүүдэр минь хань болон бөгтийж
Улбар туяа мэт баларлаг санаа элсэн дээр үлдэнэ
Учралд нэрвүүлсэн харц өөдөөс ширтэх мэтэд
Учиргүй балмагтаж
Уран дүрийг арай урлан өндийтөл
Уруулын инээмсэглэл салхитай хамт одно
Чамд миний тухай төсөөлөл төрвөөс
Чимээгүй алсад гэрэлт үүлсийг ажин
Чин хайрын уянгат дуу аялаарай
Аглаг салхин өлмийд чинь унаж
Аяа, чи өөрийн инээмсэглэлээ олж танина

1991.08.13 Сайн-Уст
Яруу найрагч Дашдондовын Цогбадрах

Tuesday, September 27, 2011

Аймар гунигтай шүлэг


Бороонд дунд бүжиглэх хүслээ хэлэхэд чинь
Гадаа намар цаг, жихүүн бороо хоёр чамайг хүлээсэн
Бодолгүйгээр дотуур хувцас, торгон цамцаа өмсөж
Юу ч хэлэлгүйгээр гэрээс гарахад чинь би юу ч бодож амжаагүй
Дэрсэн малгайтын адал явдал мэт
Хөөр төрүүлэм, хором мөч минь
Дэргэд минь чамайг байсныг ч мартаад
Өөр зүгт алгуурхан харсан шүү
Цэлгэр танхимын голд шүлсээ залгин ганцаар зогсох шиг
Цээж минь нэг л хөндий болсныг гэнэт мэдрэх хүртэл
Хүйтэн дусал дунд бүжиглэхэд хөгжим яаж эгшиглэдгийг
Хөл алдам, сөхөрч унам хоосон цээжнээсээ сонсох шиг
“Намайг авахаар намар ирлээ...” гэх дуун мэт
Надаас үлдэх юм бүхнийг тавиланд нь тэр даатгажээ
Эргэж харах, эгцэлж ширтэх харц бүхнийг минь эрхшээж
Энд шүлэг зохиож, мод тариад ч нэмэргүй гэж эмгэнэн хэллээ