Monday, January 23, 2012

Исгэсэн гурилын тухай үлгэр


Бүх зүйл Немц тэнгисийн загасчдын нэгэн тосгонд эхэлнэ. Тэнгисийн эрэг дээрх нурах шахсан гэрэлт цамхагт ядуу загасчин Ганс амьдрах аж. Намрын сүүл сард загас торонд орох нь эрс муудаж, загасчид өлөн зэлмүүн байдалтай өдөр хоногийг өнгөрөөж атал гайхал ядуу Ганс таргалаад нэг л биш ээ. Гансын тийнхүү таргалж, өнгө зүс орсон нь загасчдын сэжгийг төрүүлж, шалсаар үнэнийг нь хэлүүлсэн байна. Гансыг бүх үнэнээ тоочсоныг дор сийрүүлье.

Нэгэн өдөр Ганс нурах шахсан балгасан цамхгийнхаа хаалгыг нээтэл цаана нь өвгөн профессор Бройер зогсож байж. Бройер “Хэрэв чи хэнд ч энэ тухай хэлэхгүй гэвэл би чамайг бүх насаар чинь идэх хоолтой болгоё” хэмээжээ. Ингээд л Ганс өвгөн профессорын бүтээсэн “мөнхийн талх” буюу үл шавхагдах хүнстэй болов. Хүнс, талх гэхээс илүү исгэсэн гурил хэмээвэл оновчтой байх болов уу. Киллограм исгэсэн гурилаас хүн өдөрт талыг нь идээд маргааш нь болоход өнөөх нь эргээд л арвиждаг шидтэй идээ гэж байгаа.
Ганс нууцыг задалснаас хойш загасчид байнга өвгөн профессорынд очиж шалгаан, өлсгөлөн, зовлонгоо тоочицгоох болжээ. Гэвч өвгөн халгаадаггүй ээ. Энэ зуур өвгөн профессор исгэсэн гурилын ид шид олонд ил болж, ядуу Гансын чихэнд хүрэхэд тэрбээр мөнхийн талхаа зарахаар шийджээ. Хэдэн сар өнгөрөхөд Ганс мөнхийн талхны наймаачин болж, өөрийн идэх хувиас хугаслан зарж эхлэхэд бага зэрэг турсан нь илт мэдрэгдэнэ. Гэвч Ганс гэнэтхэн баяжиж, хуучин муу цамхгаас орд харшид амьдрах боллоо.

Тун удалгүй загасчны ядуу тосгон бүхэл бүтэн улс дэлхий даяар яригдаж байв. Харин энэ зуур баячууд мөнхийн талхны бизнес эрхлэх талаар төлөвлөгөө боловсруулж тосгоны загасчдаас талхыг нь худалдан авцгаахаар шийджээ. Баян худалдаачдын хүсэл нь тосгоны талхыг бүгдийг нь худалдан авч, үгүйрүүлээд эцэст нь талхны бизнесийг гартаа авах явдал байв. Гэлээ ч тэдэнд тосгоны оршин суугчдын хэн нь ч талхаа худалдсангүй. Бүр ямар ч өндөр үнэ санал болголоо гээд сонсох хүн байсангүй. Иймээс талхны бизнес эрхлэх санаатай явсан баячууд хувь нийлүүлсэн пүүс байгуулж, архины мухлаг, мөрийтэй тоглоомын газар, биеэ үнэлэгчдээр тосгоныхныг татаж талхыг нь авцгааж байлаа. Аажимдаа утга учиргүй зугаа цэнгэл, дээрэм, аллага, завхайрлын тосгон боллоо. Талхны бизнес өргөжихийн хэрээр элдэв шантаажаар хөлжигчид олширч байв. Энэ бүхнийг нүдээр харж бүтээлээ үзэн ядаж байсан эрдэмтэнг хэн ч сонссонгүй. Гол нь хүн бүр идэх хоолондоо санаа зовинохоо болж, ажил хийхээ больсон нь эдийн засагт асар их уршиг тарьж байв. Гэвч энэ бүхнээс айсан эрдэмтний үгийг улсын Сангийн сайд нь ч авч хэлэлцсэнгүй. Харин ч бүр талхыг гадаад орнуудад зарж улс орны эдийн засгийг хөгжүүлнэ гэв. Гэвч энэ зуур мөнхийн талх хэдийнэ тосгон, улсын хүрээнээс хальжээ. Бүх л улсад энэ талх хэрэглээ болсон байв.

Ганс нэг өглөө сэртэл түүний зарц авгай хөрш тосгон нэгэн эртэй суугаад одсон байв. Ойр орчмын ганц бие авгай нарыг ажиллуулахаар хэчнээн гуйвч ажил хөдөлмөр хийх хүн олдохоо байжээ. Тун удахгүй Гансын хөргөгч мөнхийн талхаар дүүрч аажмаар унтлагын өрөө нь талхны агуулах болж хувирав. Ганц бие өвгөн Ганс арга ядахдаа хажуу айлынхнаасаа талх идэхийг гуйвч гучхан метрийн зэргэлдээх хөршүүд нь ч түүний адил хэт таргалан хөдөлж чадахаа байжээ. Бүр хоёр байшингийн хоорондох гучин метр зайг ч “Хол байна” хэмээн залхууран хэвтэцгээх болов. Тун ч удалгүй өвгөн Ганс хэт өөхөлснөөс болж хөдөлж чадахаа больж гэдэс нь яз үсрэв. Аажмаар амтат хүнс болох талх нь түүнийг хучин авч хороожээ.
Айлууд талхаа идэж барахгүй хашаандаа асгацгаах боллоо. Өнөөх үнэд хүрч байсан баялаг гудамжаар хөглөрч, хийсч, хунгарлаж эхэллээ. Шөнөөр хэн нэгэн эр хөршийнхөө хашаанд талх асгаж байгаад баригдтал олон эр түүнийг барьж аваад овоорсон талх руу шидэж шийтгэв. Маргааш нь өнөөх эр талхнаас гарч чадалгүй амьсгал хураасан байв.Тосгоныхон арга ядахдаа өнөөх их талхаа тэнгис рүү шидэж үзжээ. Гэвч талхыг усанд хийхээр улам хөөж, томордог гэдгийг тэд мартжээ. Талхыг шатааж, тээрэмд хийж үйрүүлээд ч тосгон даяар цас хучсан мэт талханд дарагджээ.
Эцэст нь талхыг хүн төрөлхтнийг өлсгөлөлөнгөөс аврахын тулд зохиосон өнөөх эрдэмтэн алуурчнаараа дуудуулж, олон улсын гэмт хэрэгтэн болжээ. Түүнээс өөр үүнийг зогсоох хүн үгүй гэдгийг мэдэх атлаа хүн бүр эрдэмтнийг цаазлахыг хүсч эхэлжээ. Их гүрнүүд нь ядуу буурай орны газар нутагт талх авчирч асгаж, улмаар дайтаж гарлаа. Эрдэмтнээс өөр хэн ч түүнийг зогсоож болох талаар бодож, сэхээрч амжсангүй. Ингэснээр зохиол төгсдөг билээ.

А.Беляевын энэхүү зохиол манай улсад1990 онд орчуулагдсан байна. Дээхнэ үед “Эзнээ сольсон нь” нэртэйгээр хэвлэгдэж байсан “Амьтны ферм” гэх зохиолтой үнэт зүйлийн хувьд тун төстэй санагддаг юм. Гэхдээ “Мөнхийн талх” нь баялаг, эдийн засгийн утгыг түлхүү хэлж өгснөөрөө “Амьтны ферм”-ээс дэвшилтэт юм шиг ээ. Анх энэ зохиолтой Хүүхдийн номын ордны “Мөрөөдөл” уншлагын танхимд танилцаж билээ. Одоо ч энэ ном тэнд буй. Харин ирээдүйн оюунлаг сэхээтнүүд маань энэ номыг олж уншсан болов уу. Тиймээс л өнөөдөр ийн зохиолын товчлолыг хүргэлээ. Учир нь эдийн засгийн энэ ойлгомжгүй цаг үед энэ мэт ном л хүүхэд залуучуудад хэрэгтэй байх. Бидэнд баялаг байгаа. Зохиол дээрхээс ялгаатай нь шавхагдах баялаг. Гэхдээ баялгийг дагаж бий болдог бүх сөрөг үр дагаврууд адил байх болно. Зохиолыг хүүрнэсний учрыг хувь хувьдаа эргэцүүлээрэй. Бүрэн эхээр нь уншихыг хүсвэл нэрийг нь дахин хэлчихье. А.Беляев “Мөнхийн талх” шүү.

Т.Есөн-Эрдэнэ www.time.mn

Wednesday, January 11, 2012

"Миний явчихсан даруйд харамсах хүн олон ч цаг хугацаа бүхнийг мартуулна"


Хуучин сонингийн хайчилбар оллоо. Дээхнэ үеийн чөлөөт хэвлэлүүдийн нэгэнд бичсэн болов уу гэж таамаглаж байна. Тэрхүү тэмдэглэлийг Ломбын Нямаа гуай хичээнгүйлэн бичсэн ажээ. Дээр нь Л.Өлзийтөгсийн Ануд зориулсын шүлэг байлаа. Уншаагүй олон хүнд зориулж нийтэллээ.

-С.АНУДАРИЙН НУУЦЛАГ ЕРТӨНЦ-

                    “Миний зохиолын агуулга би өөрөө  юм” /М.Монтень/
Уран бүтээлч хүн нууцлаг хэвээрээ ертөнцийг орхин одох нь олонтаа байдаг. Тийм уран бүтээлч бол яруу найрагч С.Анудар бүлгээ. Анударын далд ертөнцийг таних гэж олон хүн оролдсон боловч төгс таньсан нь үгүй билээ. 
Яруу найрагч Д.Урианхай “Ард түмний мөнөөх оюуны харгислалын харанхуй шөнийг хага ярсан гэрэлт бамбар тэнгэрлэг хүн” гэж үнэлсэн бол философич О.Чимгээ “Би дипломын ажлыг нь удирдаж байсан юм. “Толгойтой” хүүхэд байсан. Амиа хорлосон гэдэгт одоо ч итгэдэггүй. Арай ч үгүй байх. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Хүн болгонд хавь орчин утгагүй санагдах үе таардаг шүү дээ. Зохиол бичдэг байсныг нь нас барсны нь дараа л мэдсэн” гэжээ. 
Анударийн оньсого мэт үхэлд харамсаж олон шүлэгч харууслын шүлэг бичсэнээс эрхэм дүү Лувсандоржийн Өлзийтөгсийн шүлэг онцгой сэтгэгдэл төрүүлдэг юм. 

“Надтай танилцсан бол
Чи үлдэх л байсан
Над руу ирсэн бол 
Зүрх чинь унтрахгүй байсан”
Итгэнэ. Итгэх сайхан 
Энэ бодолдоо би итгэх дуртай
Дутуу татсан тамхи
Одоо миний ширээн дээр...
Дуустал нь алхахаас нааш
Замаасаа буцах дургүй ээ би 
Дуусгана. Амьдрах үхэхээс сайхан
Дуусгана. Амьдарна. Амьдрахад ч 
Өчнөөн зориг хэрэгтэй
Анд минь
Үхэхээс ч илүү зориг
Хэрвээ бид танилцсан бол 
Чиний зүрхний гэрэлд
Хэдэн өдөр дулаацан
Хундага хуваах л байсан
Харамсана 
Амьд яруу найрагчийн 
Хажуугаар өнгөрч л явсан даа...

Сэтгүүлч Ш.Эрдэнэтөр “Анудар багаасаа аливаа юмны утга учир, мөн чанарыг мэдэхийг хичээдэг төдийгүй Достоевский хийгээд Камю, Сартр нарын экзистенциалист зохиолчдын бүтээлийг уншдаг байсан. Багадаа улс үндэстний үлгэрүүдээс сэдэвлэн зохиол бүтээлээ туурвидаг байв. Анудар модернист аястай 200 орчим зураг зурсан юм” хэмээн дурсан бичсэн нь бий. 
Сайхан хүүгээ харамсалтай алдсан ээж Ж.Дэлгэрмаа нь: “Монголын нууц товчоо” уншиж суугаад хүүтэй болвол Тэмүүдэр гэж нэрлэхээр шийдсэн ч охин дүүгийнхээ хүүд сонгосон нэрээ өгчихөөд Анударь гэсэн нэр өгсөн юм. Хүү минь гадаа бараг тоглодоггүй ном уншихаас өөр ажил хийдэггүй байсан гэнэ. Анударын олон найз нөхөд Б.Галсансүх, Ч.Мөнхбаяр, Б.Одгэрэл, Д.Дашмөнх нарт олон сайхан алтан дурсамж байгаа даа. Цагаа хүлээж байгаа нь мэдээж...

“Улаанбаатар” сонины “Санчир” клубын хэдэн хүүхдүүд монголчуудын сэтгэлгээний нойрноос сэрээж өгснийг түүх мартахын аргагүй. Анударийн цөөхөн зохиол хэвлэгдсэн боловч эзнээ бүрэн хэмжээгээр илэрхийлэн үлдсэн нь сонин. Миний өмнө С.Анударын “Ядаж чад... тэгээд” нэртэй өгүүллэгийн шарласан хуудас байна. Энэ өгүүллэгт хэсэг бусаг тасархай ертөнц өгүүлэгдэх мэт боловч уншаад бодохоор бүхэл бүтэн агаад зөрчилтэй ертөнц харагддаг. Энэ өгүүллэгт эхлэл төгсгөл гэж байдаггүй. Анударын нууцлаг далд ертөнц рүү өнгийн харвал Босхын зураг харагдаад байдаг юм. Анударын зохиолын баатрууд танигдахгүй нууцлаг хүмүүс байдаг. Зохиолын баатруудынхаа далд ухамсарт зохиолч хөтлөгдөөд явчихдаг тавилан дэлхийн уран зохиолд олонтаа тохиолддог юм. 

Анудар өгүүлрүүн: Хүний явах цаг болоход сайн сайхнаар харж байсан бодож байсан бүх юм саад болдог юм билээ. Миний явчихсан даруйд харамсах хүн олонч цаг хугацаа бүхнийг мартуулна. Цаг хугацааг цөөхөн гэсэн хэдэн бүтээл маань боолчилно. Намайг асааж унтраагч зөвхөн хөгжимд л байсан юм шүү хэмээн өгүүлэн дахиад л 

Анудар өгүүлрүүн:
Миний үеийнхэн жаргал зовлон хоёрыг ерөөсөө ойлгохгүй юм. Өөрийгөө жаргаж байна хэмээн итгэж яваа хүмүүс амьдаараа үхэж байгаагаа ухаарахгүй байгаа нь гачлалтай. Хөөрхий залуус минь хуурамч аз жаргал хэмээн сөнөж буй ертөнц рүү сэтгэл догдлон одоцгоох юм. 

Би өгүүлрүүн: 
Үхэл Анударыг хөтлөөд явж байхдаа би юу л хийж байна даа гэж ухаараагүй нь үхлийн тэнэгийнх бус ажээ! Өнөөгийн Монголын ийм ухаантай авьяастай хүмүүсийн амьдрах нийгэм биш ажээ! Өнөөдөр Монголд усан тэнэгүүд, луйварчид, хулгайч нар, алдар хүндийн боолууд л аз жаргалаа дархалцгааж байна. Энэ нь тэвчиж үл болох нүгэлт ертөнц мөнөөс мөн. Тамыг диваажин, диваажинг там болгох хүчин чадалтай оюун ухаан хөсөр хаягджээ. Анударын оюунлаг ертөнц энэ бүхнээс зугтаж оджээ. Анудар ойлгоход төвөгтэй хөвгүүн байхад хүнийг жинхэнэ утгаар нь танья гэвэл далд ухамсраа нээх хэрэгтэй юм шиг санагддаг. Анудар Ф.Вийоны “Голын дэргэд цангаж үхнэм” шүлэгт нэн дуртай байхаа. Энэ орчлонд гуниг итгэлгүйн гүн ухаан гэж гайхамшигтай гүн ухаан байдаг. Энэ ухаанд итгэсэн хүмүүс “Мөнхийн рашаанаар хахаж үхсэн амьдрал” цаг үеэ зүхдэг юм. Анударын зохиолын баатар автобусны цонхоор харж байна. Хөрсний саарал шар шороо... чулуу хэдэн давхар шаравтар байшингууд... хүүхдүүд шороонд дарагдаж хатаж байгаа даавуу хувцас, шороо, жалга дээр нь байшингууд. Энэ хот биш! Үхсэн хөрсөн дээр нь хэдэн хашаа барьсан, цемент угсарсан, амьдарсан хүмүүс... хэмээн санаашрав. 

Нүгэлт хотын дүр төрх энэ буюу. Анударын зохиолын баатрууд ийнхүү хүүрнэнэ. Тэмцсэн л бол ялагдсан. Амьдарсан л бол ялагдсан. Зөвхөн үзэн ядалт... Өөр юм надад олдоогүй... гэж ярихыг сонсоод “Өш хонзонгийн хүйтэн од тэвэрч” хэмээн эхэлдэг “чоно” шүлгээ санав. Анударь эзнээсээ зугтаасан тоглоомон чихмэл нохой шидтэй болоод, зэрлэгшээд эзэн руугаа дайрсан тухай том зохиол бичих байлаа. Тэр амьдсан бол Сетон Томсон, Чингиз Айтматов, Д.Намдаг, Б.Бааст, Д.Энхболд нараас илүү саарал чонын тухай бичих байлаа. Анударийн бичээгүй зохиол, зураагүй зургийг хэн бичиж хэн зурахыг таахад хэцүү байна. 
Анудар нууцлаг ертөнцөө өөртөө хадгалсаар биднээс салан одов. Анударын хоёр дахь амьдрал болох уран бүтээлийн ирээдүй ч нууц хэвээрээ байна. Бичсэн бүх зохиол нь олон хэлээр хэвлэгдэхэд хоёрдугаар Ж.Жойс Монголд төрлөө гэж шуугих ч юм билүү! Зурсан бүх зураг нь үзэсгэлэн тавигдаад ирэхийн цагт  С.Дали дахин амиллаа ч гэх юм билүү! Үүнийг бурхан л мэднэ.
Ломбын Нямаа
/Өндөрхаан хот/


Wednesday, January 4, 2012

Уруулаас чинь


Уруулаас чинь үхэл амтагдана
Уранхай өмд, хуучин гитар энэ бол миний нэрийн хуудас
Дараа чамтай хаана тааралдах бол?
Тамд уу, Танайд уу?
Уруулнаас чинь аз жаргал амтагдана
Урьд хэзээ ч ийм мэдрэмж төрөөгүй юм сан
Хүүхдийн даавуу угааж
Хүний төлөө амьдрах хүсэл төрөх юм.
2009
(Жич: Зарим нөхөдийн хүсэлтээр энэ шүлгийг орууллаа) :)