Friday, February 17, 2012

Гоо бүсгүйн гарт үхмээр хавар


Мэргэн буудагч гоо бүсгүй
Миний дуртай цамхаг дээрээс намайг намнах мэт
Амьдрах дур хүсэл улам төрөх энэ хаврыг
Албан өрөөндөө суун хүлээж байна би
Онилон харах нүдээрээ алхааг минь тооцоолж
Огцом хөдөлгөөн хийвэл дор нь нам буудахаар
Бэлтгэгдсэн тэр бууч бүсгүйн нүд шиг хурц тод хаврыг
Бичгийн ширээндээ суун ар шилээрээ мэдэрнэм
Нахиалах цэцэг шиг эмзэг гохондоо зөөлнөөр хүрч
Нарийн туяхан хуруундаа бөгж зүүх тухай түүний мөрөөдөл мэт
Гэгэлгэн хавар цонхны цаанаас гэтэн ирж
Гэнэт нуруунаас минь тэврэх мэт төөнөж байна
Хамгийн хүсэмжит үхлийг надад бэлэглэх тэр бүсгүйн
Харц шиг хахирган хавар байлаа ч хамаагүй ээ
Үл гүйцэлдэх хүслийн минь цэвдгийг гэсгээхээр онилох
Үг үгүй ч үнэн сэтгэлийн мишээлт өдрүүдийг би олж харъя
2012.02.18 Албан өрөөндөө

Wednesday, February 8, 2012

Тугалган цэрэгт зориулав



Орчин цагийн гоо бүсгүйн нүдний
Онцын тод будаг нь нулимстай тэрсэлддэг
Ойлгож байна уу цэрэг ээ, тэгэхээр
Одооноос эхэлж уйлуулж болохгүйг анхаар
Цэх зогс цэрэг ээ, чи бол зураач, гол нь цэрэг
Цэнэгтэй буунаас илүү зориг цээжинд чинь байх учиртай
Эмс охидын чих дөжрөөм, нүд сохлом шалиглалд
Эцэс үгүйг мэдэх мөртлөө, тийш хадуурагч
Ам нь хатуу агтнаас ялгагдах чанар чинь юу вэ
Алив надад шалавхан хэл, гүйгээд...гүйгээд
Зурагдсан тавиланг чинь хэлж өгье
Цээжээ урагш, хөлөө цэх. цэрэг минь
Зуухан дотроос тугалган зүрх олдвол
Тэр чиний халуун цогцос байх болно
Ёслолын буудлага, гоёмсог тагтай хайрцаг
Ёс төртэй найр наадам чиний үхлийг чимэх болно
Одоо явж тулаанд бэлд. Гутлаа тосло. Үсээ самна
Оройхон энийг үзээрээ “Хунт нуур” бүжгэн жүжиг...
2011