Saturday, March 23, 2013

Түүнийг дурснам...


Аварга том асуултын тэмдэг мэт
Гэрлийн шонгуудын гэрэлтүүлэх жимээр
Үл төөрөх энэ танил хотынхоо хаа нэгтээ
Үхэлтэй харц тулгарсан түүнийг сэтгэлдээ төсөөлнөм
Үгүйрэн хоосроод эргэж дүүрдэг
Үүрдийн үүрд гэх цаг хугцаанаас гадагш ойлголттой
Өнөөдрийг хүртэл тэмцэж ирсэн
Өстөн шиг, өөр шиг минь түүнийг одоо л дурснам
Хэдийн орхигдсон сүм мэт бүрэнхийг
Хэрэг болгож ноёлох хоолой нь
Хэрхэн цангинаад цахиртан түгдгийг
Хэнээр ч би яриулж бахдаагүй
Төсөөллийн минь сонор солонгорч дүнгэнээд
Сохроор тэмтрэхэд надаас татгалзсан
Түгж амжаагүй од байжээ тэр
Түр саатсан бол учирах байж дээ бид

2011









Wednesday, March 20, 2013

Яах гэж шүлэг бичдэгээ мэддэг яруу найрагч хэр олон бэ


Өнөөдөр Дэлхийн яруу найргийн өдөр. Энэ өдрийг баяр эсвэл аль нэг халдварт өвчинтэй тэмцэх өдөр шиг ухаарал, тэмцэл, тайван жагсаалын өдөр гэж ойлгож хараахан болохгүй. Харин хүндэтгэлийн өдөр хэмээвэл зохино.

Нэгэнтээ бичигч миний бие дээд сургуулийн дипломын ажлаа тогтмол хэвлэлүүдэд өгсөн зохиолчдын ярилцлагад дүн шинжилгээ хийж, судалгаагаар хамгаалахаар шийдсэн удаатай. Урьдчилсан хамгаалалтын үеэр багш маань асууж байна. “Чи яагаад заавал зохиолчдын хэв шинжит дүрийн талаар судалж, асуудал тавих болов. Сэтгүүлзүйн бүтээл яагаад биш гэж?” хэмээсний хариуд би “Яруу найраг, шүлэг зохиол бол миний хар бага наснаас дурлаж, өнөө ч тэр хүсэл минь буураагүй байгаа үнэтэй зүйл” хэмээхээс өөр юу ч хэлж чадаагүй юм. Учир нь дээрх асуулт “Чи яах гэж шүлэг бичдэг вэ” хэмээх асуултыг давхар асууж буй мэт санагдсан юм.

Тэр үед яруу найрагт хайртайгаа ямар нэг шүлгийн уралдааны тайзнаас биш их сургуулийн эрдэмтдийн өмнө, бүр цэвэр сэтгүүлзүйн мэргэжлийнхний өмнө ингэж хэлж зогсохдоо юу ч хэлж чадаагүй шиг өнөөдөр ч яах гэж шүлэг бичдэг тухайгаа тодорхойлоогүй л явна. Миний адил шүлэг, яруу найрагт дурласан залуус бүгд үүнтэй санал нэгдэж иймэрхүү гэнэтийн асуултуудад эртхэн бэлдэх хэрэгтэй юм байна гэцгээдэг. Гэвч биднийг яах гэж шүлэг бичдгийг тодорхойлох хөдөлшгүй шалтгаан тэр бүр олддоггүй. Зах зээлийн эдийн засгийн үед хүний хөдөлмөрлөх, бүтээн туурвих үндсэн шалтгаан нь өмч байж таараад байдаг. Монголын нөхцөлд өмч нь үл хөдлөх хөрөнгө тэргүүтэн л бололтой. Гэтэл шүлэг бичсэнээр өмчтэй болчихно гэж үгүй. Шүлэг нь өөрөө өмчийн нэгэн хэлбэр болох оюуны өмч боловч шүлэг хэмээх оюуны өмчтэй болох зорилгоор хэн ч шүлэг бичдэггүй. Тэгэхээр хүний нийтлэг хүсэл сонирхлоос хамаагүй өөр түвшний асуудал болж байгаа биз.

Анхныхаа шүлгийн эмхтгэлийг монголдоо монополь болчихоод байгаа ганц дэлгүүрт тавьж тэндээс 10-хан ширхэгийг борлуулж билээ. “Аая, чи номтой юм уу” гэж асуух хүн бүрийн амыг “10-хан ширхэгийг зарсан. Бусдыг нь тараагаад дууссан” гэж би хэлдэг. Тэгж хэлэхээс ч аргагүй. Үгүй бол номоо яаж зарахыг надад зааж балайрах хүмүүс олон болчихдог юм. Тэгж зөвлөгөө өгөх хүмүүсийн дунд  “Номоо ягаан туузаар ороож “Хосуудад зориулав” гэж алтан утсаар бичих хэрэгтэй” гэх нэгэн ч байх жишээтэй.

Дарма Батбаяр гуай нэгэнтээ шүлэг бичдэг хүмүүс олон байгааг гайхахдаа “Шүлэг бичихийн тулд хэн нэгэн сайхан охинд дурлахад л хангалттай. Тэгээд л болчих зүйл. Залуу насны урлаг” хэмээн хэлж байсан удаатай. Түүний ингэж хэлсэн нь үргэлжилсэн үгийн их туурвилуудад элэгтэй байдагтай нь холбоотой  нь тодорхой. Гэхдээ л шүлэг, яруу найрагт уусан дурлагчдын хүсэл, сонирхол, тэмүүлэл, шунан дурлах үйл явцыг тодорхойлж чадахгүй.

Яруу найраг хайр дурлалаар хөглөгддөг нь үнэн боловч туйлын үнэнийг эрэлхийлэх, орчлонгоос хариулт нэхсэн асуултуудын дэргэд өнөө хайр нь бүдгэрнэ. Ийм тохиолдолд яруу найргийн ай сав, өгүүлэмж дэх оногдохуйг сайхан охин, хайр дурлал, тормон нүдээр тодорхойлно гэдэг хэт басаж буйн шинж.

Яах гэж шүлэг бичдэгээ тодорхойлохын тулд яагаад бичиж эхэлснээ эргэцүүлэх нь нэгийн хэлж мэдэх юм. Дээхнэ манай үеийн хэн нэгэн залуу яруу найрагч “Бид яагаад шүлэг бичдэг вэ гэж үү. Бид зүгээр л донтчихсон юм” хэмээсэн гэдэг. Магадгүй хар тамхинд донтогсодтой адил хам шинжтэй байж болох энэ донгийн хамгийн онцлууштай нь бусдын оршихуйд тээг болдоггүй билээ. Үгүйсэн бол яруу найрагч гэх хүн нийгэм дунд юу хийх билээ.

Эртний, өнгөрсөн зууны яруу найрагчдын тухай ярихаар бүгд хувь тавилангийн золиос болсон, үхлээрээ дамжуулж алдаршсан аугаа амьтдын намтар, хэд гурван шүлэг ярих гарна. Тэднийг магтан ярих яруу найргийн боловсролтнууд харамсалтай нь тэдгээр яруу найрагчдын стандарт бус сэтгэлгээг нь биш амьдралын хэв маягийг нь алдаршуулж, магтаж, залуу үед номлоод байдаг муу зантай. Нийгэм, сэтгэлгээ тэр аяараа өөрчлөгдчихөөд байхад яруу найрагчийг тэр үеийнх шиг гэр бүлдээ арчаагүй, нийгэмд хэрэгцээгүй амьдрахыг заагаад байдаг энэ суртлаас дээд үеийн яруу найрагч, зохиолч, шүүмжлэгч ах нар минь салаасай. 

Өнцгөөсөө жаахан хазайчихлаа. Тодорхойломж... Яруу найрагч бүхэн өөр  өөрийн оргилыг олж харж, тодорхойлж, түүн рүүгээ тэмүүлдэг. Нэгэн үеийн шүлэгчдийн шүлгүүдийн ижилсэл, айлсал үүний дэргэд анхан шатны, аажимдаа гээгдэх ойлголт. Ү.Хүрэлбаатар нэгэнтээ шүлгийн тэмцээнд оролцож буй залууст хандан “Монголоос өөр яруу найргийг ингэж уралдуулдаг газар хаана ч байхгүй. Гэхдээ тэмцээн ч гэлээ энэ дунд жинхэнэ шүлэг бас байна аа. Харин нэг шүлгээ хаа явсан газраа улиглан уншиж байдаг шүлэгчид бас харагдлаа. Нурууг нь холгосон морь шиг ингээд байж болохгүй. Тэмцээнд түрүүлэх, удаалахдаа биш. Шинэ зүйлд та бүхнийг зорьж, нээж олоосой гэж хүсэж байна” хэмээсэн юм. Үүнийг ч манай үеийн залуус сайтар ойлгож, эхнээсээ шинэ зүйлд догдлон тэмүүлж буй. Хамгийн сонирхолтой нь тэдний хэн нь ч яах гэж шүлэг бичээд байгаагаа одоо болтол тодорхойлоогүй яваа гэдэгт би итгэлтэй байна.

Яах гэж бичдэгээ тодорхойлоход цээжний цэц, их омог, дэврүүн зан, адгуу ааш аяг аль нь тус болохгүй. Дээхнэ үед Рок сонирхогчдын № 1 тоот өрөө ч бил үү нэг клуб байгуулагдаж байсан юм. Тэндхийн залуус амьд хөгжимд яагаад дуртай вэ гэхэд “Ихэнх хүмүүс амьдралд хайртай байдаг шүү дээ. Бид түүнтэй л адилхан хөгжимд хайртай” хэмээж билээ.  Яруу найрагт энэ төрлийн тодорхойлолтууд өгч болно. Ухаалаг, сод сонсогдох тодорхойлолтууд ч гаргаад ирж болно. Гэхдээ хувь яруу найрагч бүрийн өөр өөрийн тодорхойлолтыг зөвхөн эрхэм цаг хугацаа л хамтран бүтээлцэх учиртай гэдэгт би итгэдэг юм.

2012 оны энэ үед бичсэн болно
Т.Бэх