Friday, October 4, 2013

Ц.Буянзаяа: МЗЭ бол утга зохиолын хөгжилд шууд
бус дам нөлөөтэй байгууллага


Монголын Зохиолчдын эвлэлийн XV их чуулган арваад хоногийн өмнө болж тус байгууллагын Удирдах зөвлөлийн даргаар зохиолч Ц.Буянзаяаг сонгосон билээ.  Тэрбээр албаа хүлээн авснаасаа хойш хэвлэлд хараахан ярилцлага, нийтлэл өгөөгүй байсан юм. Ингээд манай сэтгүүлчийн өрнүүлсэн ярилцлагыг хүргэж байна. 
-МЗЭ-ийн Удирдах зөвлөл ямар байдлаар ажилладаг талаар надад тодорхой төсөөлөл алга. Магадгүй өмнө нь Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа тодорхой хөтөлбөргүй, түүнээсээ болж юу ч хийгээгүй нэр зүүдэг, ерөөсөө гүйцэтгэх захирлынхаа автор дор л явдаг байсан юм болов уу гэж бодсон.   

-Зохиолчдын Эвлэлийн Удирдах зөвлөл нь долоон төвөөс сонгогдсон гишүүдээс бүрддэг. Гишүүд нь утга зохиолын төрөл зүйлүүдийг нэг түвшинд авч явуулахын тулд яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг кино тэргүүтэй төвүүдээ төлөөлдөг. Удирдах зөвлөлийн даргаа оролцуулаад 15 хүний бүрэлдэхүүнтэй баг юм. Энэ баг юу хийдэг вэ гэхээр байгууллагын дөрвөн жилийн хугацаанд явуулах үйл ажиллагаа, бодлого чиглэл, хандлагыг тодорхойлж ирдэг. Харин гүйцэтгэх захирал хүн бол Удирдах зөвлөлийнхөө баталсан үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангаж ажиллах үүрэгтэй. Эргээд Удирдах зөвлөлийг баталсан хөтөлбөрийнх нь хэрэгжилтээр ажлыг нь дүгнэх ёстой.

-Энэ удаагийн Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх нь шинэ хүмүүс байна. Даргалж байгаагийн хувьд тэдэнтэй хэрхэн ажиллах вэ?

-МЗЭ-ийн энэ удаагийн XV чуулганаас сонгогдсон гишүүдийн 80 орчим хувь нь шинэ гишүүд. Гэхдээ ямар гишүүд байхаасаа илүү ямар хөтөлбөр, ажил хэрэгжүүлэх нь утга зохиолын салбарт, энэ байгууллагын хувьд чухал болов уу. Миний хувьд ирэх дөрвөн жилд хийх ажлынхаа чиглэлийг тодорхойлсон. МЗЭ-ийн үйл ажиллагааны шинэтгэлийн гурван шатлалт хөтөлбөрийг боловсруулаад эхний хэлэлцүүлгээ хийлээ. Товч дурдвал, нэгдүгээрт үйл ажиллагааны шинэтгэлийн хувьд ямар ажил хийх тухай хоёрдугаарт, хөрөнгө оруулалт, санхүүгийг асуудлыг яаж шийдэх талаар, гуравдугаарт, байгууллагын зохион байгуулалтын ажлыг ямар байдлаар явуулах вэ гэсэн ийм гурван асуудал бүхий хөтөлбөр байна.

Энэ хөтөлбөрийг ойрын өдрүүдэд эцэслэн хэлэлцэж, батлах юм. Улмаар ирэх дөрвөн жилд энэ хөтөлбөр хэр биелэснээс шалтгаалж бидний ажлыг нийт гишүүд маань дүгнэх учиртай болж ирнэ. Товчхондоо хөтөлбөр байгаа цагт, гэнэт нэг нөхөр гарч ирээд “Зохиолчдын эвлэл ийм, тийм юм хийсэнгүй. Тиймээс тэд юу ч хийгээгүй” гэхчлэн ярихгүй байх нөхцөл бүрдэнэ.

-Та  энэ байгууллагын Удирдах зөвлөлийн даргаар сонгогдоод хэсэг чимээгүй байлаа. Өчигдөрхөн фэйсбүүкдээ энэ байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд бодит, орчин үеийн шаардлагад нийцсэн ажлууд хийхээ мэдэгдсэн. Тухайлбал, Уран зохиолын номын дэлгүүр байгуулна гэж хэлэхийг чинь сонсоод номонд дурлагч хүний хувьд тун баярлаж суулаа. Энэ мэт ажлууд олон бий биз? 

-Зохиолчдын Эвлэлийн үйл ажиллагааг шинэчлэх олон ажил хөтөлбөрт тусгагдсан. Ядаж л байгууллагынхаа цахим хуудсыг ойрын хугацаанд цогцоор нь шинэчилье. Дэлхийн улс орнуудын зохиолчдын байгууллагын жишигт хүргэе. Бид өөрсдөө болоод байна гээд нэг хуучимсаг юм ажиллуулахаа болих хэрэгтэй. Веб сайтаа монгол хэл дээр идэвхтэй ажиллуулж, гадаад хэл дээр тодорхой орчны мэдээлэл өгчихөөр түвшинд хүргэх шаардлагатай болж. Цаашлаад уран зохиолын хөгжилд ер нь юу чухал юм бэ гээд аваад үзэхээр утга зохиолын судалгаа, шинжилгээний ажлууд байдаг. Тиймээс мэргэжлийн судлаачдын дунд эрдэм шинжилгээний ажил зарлах хэрэгтэй болно. Жилд нэг удаа ч юм уу. Ийм ажлыг сар болгон хийгээд байна гэж юу байхав. Үүний дараа уншигч, зохиолч хоёрын амьд харилцааг дахин бий болгомоор байна. Өмнө нь зохиолч уншигчдыг уулзуулдаг байсан. Тийм уулзалтуудыг шинэ түвшинд хүргэж чадна гэж бодож байгаа. Мөн үйл ажиллагааны чиглэлийн хувьд залуу зохиолчдыг дэмжсэн нээлттэй хаалганы өдрийг сэргээнэ. Монгол уран зохиолд голлох үүрэгтэй энэ байгууллагын хувьд үүнийг хийх ёстой ажил гэж үзэх байна. Ер нь бол “Болор цом”, “Утгын чимэг” наадмуудыг ч бас шинэчлэхээс аргагүй. Жил жилийн энэ наадмууд зохион байгуулалт, бас бус зүйлээс шалтгаалсан маргаанаас болж элдэв хор найруулсан тухай хэл ам гардаг. Дагаад зохиолчдын байгууллагын нэр хүнд унадаг шүү дээ.

-Та Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлд өмнө ажиллаж байсан. Хувь уран бүтээлдээ анхаарч, нэг хэсэг завсардсан байх. Ер нь МЗЭ-д тухайн үед та ямар ажил хийсэн бэ? 


-2001-2005 он хүртэл би Зохиолчдын эвлэлд Бодлого зохицуулалтын албаны дарга гэсэн албан тушаалтай ажилласан. Ингээд ажиллаж байхдаа тодорхой өөрчлөлт хийнэ л гэж зүтгэж, үр дүнд хүргэсэн. Өнөөдөр тэр бүхнийг ярьвал маш их цаг орох нь ээ. Гэхдээ бид ямар ч байсан тэр үед уран зохиолын унтаа байдлыг сэрээсэн гэдгийг хүмүүс мэдэж байгаа.

-Уран зохиолын унтаа байдлыг сэрээсэн гэлээ. Гэтэл түүнээс хойш МЗЭ өөрөө унтаа байдалд шилжчихсэн юм биш үү?

-Ямар байсныг мэдэх хүмүүс нь мэдэж байгаа. 2000 он хавьцаа энэ байгууллага хөрөнгө санхүүгийн хувьд мөхөж, үйл ажиллагаа нь уралдаан, тэмцээнээс өөр зүйлгүй болчихсон байсан. Бид гарч ирж уран зохиолын төрлүүдийг жигд хөгжүүлье, цөөн хүн тойрсон харилцаанаас нь гаргая гэж хэлсэн. Өнөөдөр магадгүй хүмүүс юу ч болоогүй юм шиг л бодож л байгаа байх. Гэхдээ тэр үед МЗЭ ганцхан бичгийн машинтай, ямар ч орчин үеийн харилцааны технологигүй. Байшин нь үл хөдлөхийн гэрчилгээгүй, газар нь баталгаагүй тийм л байсан.

-Одоо бол нөхцөл байдал тэр үеийнхээс арай дээрдсэн гэж үзэх үү. Бүх зүйл нь сайхан цэлмээд ирсэн гэж хэлэхгүй л байх даа.

-Тэгж хэлэхгүй. Өмнөх үйл явдлыг нэг их ярьмааргүй байна. Зохиолчдын эвлэлийн байгууллагад би тухайн үед гурван чиглэлээр ажил хийчихээд гарсан. Нэгдүгээрт , энэ байгууллагын оршин тогтнох статус нь болсон Төрийн бус байгууллагынх нь хэв шинжийг тогтоож өгөх, түүнд харъяалагдах өмч хөрөнгийг нь баталгаажуулах. Хоёрдугаарт, энэ байгууллагыг орчин үеийн харилцаанд оруулах, гуравдугаарт, утга зохиолын төрөл зүйлүүдийг жигд авч үзэх гэсэн энэ ажлуудад л анхаарч, тодорхой үр дүнд хүргэчихээд гарч байсан. Харин өнөөдөр МЗЭ-ийг үгүйсгэж, элдвээр хэлж байгаа олон уран бүтээлч яг тэр үед бидний үйл ажиллагааны үр шимээр л нийтэд танигдаж эхэлсэн юм даа. “Болор цом”-ын эздээс өөр хэнийг ч мэддэггүй тийм нийгэмд бид шинэ яруу найрагчид, хүүрнэл зохиолчид, судлаач, шүүмжлэгч, оруулагчдыг танилцуулж эхэлсэн. Монголын утга зохиолын үнэлэмжийг дээшлүүлэх гэж ажилласан тийм үйл ажиллагааны дараа манай уран зохиолд батганы мөрийн чимээгүй байсан олон хүн уран бүтээлч гэж гарч ирсэн юм. Өнөөдөр тэгээд тэр бүхнийг мартчихаад “Зохиолчдын эвлэл юу ч хийгээгүй” гэж ярьж байгаа нь өрөвдөлтэй. Хамгийн гол нь яг мянган шилжээд удаагүй тэр үед бараг л мөхөж байсан байгууллагыг идэр залуухан бидний хэсэг нөхөд нэгдэн, дахин хөл дээр нь босгосон. Түүнээс хойш бол сайнтай муутай хэлүүлсээр өдийг хүрлээ. Харин одоо бол дахин энэ байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх шаардлагатай болжээ. Орчин үеийн шаардлага бас бус олон зүйл бий болчихож. Энэ цагийн шаардлагад нийцсэн ажил хэрхэн явуулах нь л одоо чухал.

-Тийм шүү, одоо улирсан зүйл асуухаа больё.

-Өнгөрсөн рүү нэг их ормооргүй байна. Харин өнөөдийн тухайд ярина гэвэл өөр зүйл хэлмээр байна. Тийм л учраас би хөтөлбөр барьж ажиллах гээд байна. Мэдээж хөтөлбөр нь бодит ажил хэрэг болохуйц, хэрэгжих боломжтой зүйл байх учиртай. Хүн болгоны хүсэлтийг биелүүлэх боломж бололцоо байхгүй шүү дээ. Зохиолчдоос ер нь их сонин сонин хүсэлт гардаг юм. Нийт зохиолчдынхоо нийгмийн даатгалын асуудлыг шийдье, эмнэлгүүдэд хөнгөлттэй бөгөөд үнэгүй эмчлүүлмээр байна гэдэг ч юм уу. Энэ бүгд тус тусдаа нийгмийн асуудлууд. Алийг нь ч Зохиолчдын эвлэлийн байгууллага хийж чадахгүй.

-МЗЭ-ийн байгууллагад гишүүнчлэлтэй хэдэн зуун хүний нийгмийн асуудлыг шийдэх боломж байхгүйг мэдсээр байж илүү зүйл хүсдэг нь энэ байгууллагынхаа нэр хүндийг унагаах гэсэн хүмүүсийн үйлдэл үү. Магадгүй МЗЭ нэр хүндгүй, үлбэгэр байх нь зарим хүнд ашигтай юм болов уу?


-Яахав дээ, нэг хэн нэгнийг дээрлэхээд, өнөөх нь дээрлэхүүлээд сурчихаар улам давраад байдаг хүний зан байдаг. Түүн шиг муу л бол хойд хар овоохой гэгчээр, Зохиолчдын эвлэлийг муучлан гутаах хандлага бол элбэг байгаа. Гэхдээ нэг зүйлийг бодох хэрэгтэй. Монгол Улсад хэчнээн төрийн бус байгууллага байгаа билээ. Тэр дунд яг амьд үйл ажиллагаатай нь хэд байна. Зохиолчдын эвлэл бол тэр дундаас амьд, үйл ажиллагаатай цөөн хэдэн байгууллагын нэг. Утга зохиолд оролцоотой хүмүүс ихэнх нь хэвлэл мэдээллийн салбарт ажилладгаас л хамаарч энэ их шүүмжлэлийн тухай ярихаас аргагүй болчихож. Гэхдээ энэ нийгмийн хамгийн жигшүүрт, бузар булайгийн жишээ байгууллага бол биш гэж бодож байна. Нийгмийн жигшүүрт жишээ болсон олон байгууллага байгаа. Энэ муу жижигхэн төрийн бус байгууллага байтугай төрийн байгууллагууд нь тийм жишээнд нэрлэгдэж байна шүү дээ.

-Зохиолчдын байгууллагын гадаад харилцаа ер нь ямар байдалтай явах ёстой юм бэ. Сүүлд яруу найрагч Б.Галсансүх олон улсын яруу найргийн фестивальд оролцоод ирсэн тухайгаа бичсэн байсан. Бид олон улсын хэмжээнд зохиодог нэр хүндтэй наадамтай болох ёстой гэж.

-Гадаад харилцаа гээч зүйл үнэндээ өргөн хүрээнд мөртлөө маш энгийн явагддаг. АНУ-д л гэхэд утга зохиолын салбарын 600 гаруй байгууллага байна. Тэд уран зохиол сурталчлах, улс хоорондоо харилцан аялах зэрэг тогтсон харилцаанууд явуулдаг. Олон улсын ийм жишгийн дагуу л бид гадаад харилцаагаа явуулна. Энэ тал дээр би хоёр үндсэн чиглэл баримтална. Нэгдүгээрт, гадагшаа хэрхэн харьцах вэ. Ойлгомжтой, Зохиолчдын эвлэлийн ажлын аппаратанд гадаад харилцааны чиглэлээр дагнасан ажилтантай болно. Нэг ёсондоо гадаад улс орнуудын уран зохиолын байгууллагуудтай байнга захидал, шуудангаар харилцаж, арга хэмжээнүүдэд оролцох талаар хөөцөлдөж байдаг тийм мэргэжилтэн байх юм. Хоёрдугаарт, гадаадын уран зохиолын зах зээлээс дэмжлэг авахын тулд сайн дурын ажилтан авч ажиллуулна гэж бодож байгаа. Бид гадаадын уран зохиолын байгууллагуудтай хамтарч ажиллах гээд хангалттай харилцаа тогтоож чадахгүй байна. Гэтэл түүгээр мэргэшсэн ажилтнууд байдаг. Монголын олон төрийн бус байгууллага тийм хүмүүсээр дамжуулж гадаад харилцааныхаа асуудлыг шийддэг. Тийм сайн дурын ажилтан нэг их зардал шаардахгүй л дээ. Монголд амьдарч байгаа иргэдийн дундаж цалингаар цалинжаад амьдардаг. Энэ бол гадагшаа чиглэсэн үйл ажиллагааны гол хэсэг нь. Энэ ажиллагааны үр дүнд цаашид гадаад харилцааны ямар шинэ ажлууд хийхээ тодорхойлно. Түүнээс биш учиргүй санаанд орсон ажлаа цаасан дээр бичээд, бүтэх бүтэхгүй юмны хойноос хөөцөлдөөд байх цаг алга. Өөрийн чинь хэлснээр олон улсын нэр хүндтэй наадам зохион байгуулах ажлыг ч бас санаачилна.

-Наадам гэснээс “Болор цом”-ыг яах вэ.Та өөрөө энэ наадам хэмээх уралдаанд оролцоод байдаггүй хүн. Үүнийг энэ жилээс зохион байгуулахаа больчихвол яадаг юм.

-Ямар ч байсан үүнийг шийдэхийн тулд Удирдах зөвлөлийн түвшинд ярина. Хамтын удирдлагын системтэй учраас ингэж ярилцахаас аргагүй. Мөн Зохиолчдын эвлэлийн нийт гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулна. Үнэхээр энэ “Болор цом” гээч зүйл бидэнд хэрэгтэй юм уу, үгүй юм уу гэдгийг асууна. Эндээс тодорхой шийдэл харагдана л даа. Мөн хувийн зүгээс бодож байгаа зүйл юу гэхээр үнэхээр “Болор цом”-ыг уламжлалт зүйл юм гээд хадгаллаа гэхэд шинэтгэх шаардлагатай. Уралдааны сэтгэхүйнээс нь салгах нь нэн тэргүүний ажил. “Болор цом”-ын эзэн гэдэг ойлголт нь өөрөө хэрүүлийн алим таллах гол нөхцөл нь болдог. Энэ наадмыг энгийн сайхан яруу найргийн уншлага болгоод үнэхээр уянгын болоод бусад хэв жанрын шүлгүүдийг нь тодруулж хүндэтгэл үзүүлбэл болохгүй гэсэн зүйл байхгүй. Түрүүн хэлснээр Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөл ярьж шийдээд, нийтэд мэдээлэх байх. Тэр үед л “Болор цом”-ын тухай ярьж болно.

-Дөрвөн жилийн дараа таны ажил дүгнэгдэх юм байна. Одоо бол та тун ажил хэрэгч өнгө аястай зүйл ярьж байна. 


-Ажил хэрэгчээр хандахаас аргагүй. Хувь зохиолчийн хандлагаар ажилд хандаж болохгүй. Уран бүтээлч хүн уран бүтээлээрээ л энэ улсын хэл утга зохиолыг хөгжүүлэх ёстой. Ер нь уран зохиолыг уран бүтээлч хүн л хөгжүүлдэг. Нэг сайн зохиол бичиж байж л уран зохиолыг тодорхой алхам урагшлуулдаг. Түүнээс биш нэг байгууллага бодлого шийдвэр яриад яваад байх нь уран зохиолын хөгжлийн дан ганц хөдөлгүүр болж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Зохиолчдын байгууллага бол сайн дураараа нэгдсэн зохиолчдын нийтлэг эрх ашгийг хамгаалж, нийтлэг хүсэл сонирхолыг нэгтгэдэг байгууллага. Магадгүй сайн зохиолч энэ байгууллагатай хутгалдаад байх шаардлагагүй л юм л даа. Гэхдээ хүн гэдэг амьтан чинь дангаараа байхаас гадна нийтийн орчинд байх хэрэгтэй. Тэгэхээр Зохиолчдын эвлэл бол тэр нийтийн орчин нь юм. Товчхондоо эвлэл бол Монголын уран зохиолын хөгжилд шууд бус дам нөлөөтэй.

-Манай зохиолчдын олонх нь Монголын урлагийг урагш нь хөтлөх тэр бүтээлээ хийхгүй яваад байна уу гэж би заримдаа боддог. Нэг тийм хэвшмэл дүр төрх бий шүү дээ, архи дарсанд дуртай, омогтой, ойлгомжгүй зүйл ярьсан хүмүүс л зохиолч болж таараад байдаг тухай. Ийм муухай хэвшмэл хандлагыг өөрчилж болох уу. Зохиолчдын эвлэл ийм төсөөллийг нийгмээс үлдэн хөөх үүрэгтэй байгууллага биш байх л даа.

-Мэдэхгүй юм. МЗЭ зохиолчдынхоо нэрийг хүндийг нийгмийн өмнө өндөрт өргөж, цэвэр болгоно гэж хэлж чадахгүй. Ерөөсөө би их олон удаа хэлсэн. Зохиолчид өөрсдөө хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж уран зохиол, байгууллага маань шинэчлэгдэнэ. Өөрсдөө тэр хэвшмэл балиар ойлголт төрүүлсэн хандлагаараа уран зохиолд хандаад байвал нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Магадгүй тэдэнд ухамсарын нэг дэвшил гарч, өөрсдөө өнөөх муухай хэвшмэл дүр төрхтнүүдийн нэг нь би биш шүү гэж өөрийгөө татаж авбал юу юм бэ гэхээс. За тэгээд ажиглаад байхад манай зохиолчид өөрөө өөрсдийгөө тэгж бичээд байдаг юм. Гал тогооны доторх муу муухайгаа дэлгээд байдаг илүү зан харагддаг. Гэхдээ өнөөдөр маш олон хүн үүнийг ойлгоод, ийм байдлаас татгалзчихсан явж байгаа. Одоо бол хэн хүнгүй зохиолчдынхоо эрүүл саруул хэсгийг нь, жинхэнэ туурвил, бүтээлийг нь олж харах хэрэгтэй юм л даа. 

Т.Есөн-Эрдэнэ
- See more at: http://review.time.mn/content/35379.shtml#sthash.6JOtYL5g.dpuf