Sunday, January 19, 2014

Наран цэцгийн толгод дээрээс

Наран цэцгийн толгод дээрээс
Намайг даллаж байна гэж төсөөлөөч
буйдхан эгэл тосгоныхон чухамдаа намайг анзаарч
эрээгүй тэнэмэл зураачийн дүрээр дурсах л байх                  
Хилэн хар хүрэмнийхээ халаасанд алгаа хөлрүүлэн
атгасан ширэн хүрэн хавтастай шарласан энэ л хуудсууд
тэртээх өдрүүдэд буцаж очих хүслийг минь                                       
тэвчээр мэдэн хадгалж л байгаа юмсан
уулчлалыг минь анзаарсан толгодын салхи
уйт санаашралыг үл тоон уруулыг минь илбээд
Хэлэх үгийг минь урьтаж мэдсэн мэт сэвэлзэн одохдоо
хэнд л хүргэхээ харин хэзээ ч тааварлалгүй явсан л байх
Наран цэцгийн толгод дээрээс
Намайг даллахад мэхийсэн
Гүн ногоон дов, усан шаргал үүлс
үдшийн бүрийг надтай угтахдаа
Одоо цаг гэж байхгүй хэмээн
ойлгомжгүй үгсийг хэдэнтээ хэлээд
их зам, ирээдүй хоёрын тухай
ихэр хөвгүүдийн намтар хүүрнэсэн юм
Наран цэцгийн толгод тэртээ хол үзэгдэж
Намайг дахин битгий ир гэж үхэж буй өтгөс шиг
өгүүлээд дэрэн дээрээ сулдайн унах мэт
толгод алсрах нь эцсийн эцэст хувь тавилан адил
ганц хувь зургийг гээчихээд гараа хий дэмий
савлан зогсохтой  гайхмаар адилхан болохыг сая л анзаарлаа.

2013 он нэгдүгээр сарын 20
Вашингтон хот





Wednesday, January 8, 2014

Авсанд хэвтээ хүн (Өгүүллэг)


Михайл Веллер (Эстоны зохиолч)

Оршуулга. Хүсээд баймгүй ч гэсэн хэзээ нэгэн цагт зайлшгүй учирдаг ёслолын ажиллагаа. Сэтгэлд гунигтай. Бүгд л тийшээ явах юм хойно яая гэхэв.
Водоватов өөрийн жамаар л нас нөгчжээ. Тэрээр нарийн бичгийн даргын хувьд дөрөвдүгээр газрын эмнэлэгт нэг ортой, зурагттай тусгай үйлчилгээтэй өрөөнд хэсэг зуур хэвтэж, ажлын газрынхан нь ээлжээр сахин, биеийн байдлыг нь бусаддаа шуурхай мэдээлэх боломж олгоод одлоо. Нас 70, зүрхний бичлэг, хоёр дахь шигдээс. Харин зураасны дор бичигдэх зүйлс гэвэл “Зөвлөлтийн зохиолч” хэвлэлийн газраар эрхлэн гаргуулсан “Түүвэр бүтээлийн” дөрвөн боть, “Уран зохиол” хэвлэлийн газрын хоёр боть, хоёр одон, медалиуд, тоо томшгүй редакцын зөвлөл, комиссуудын гишүүн, хилийн чинадын урилгууд, утга зохиолд хөл тавих ерөөл хүртсэн залуус, хүүхдүүд ач нар. Нэг үгээр хэлэхэд явган ирсэн бадарчин явдалтай мориор буцвай.
Сонин хэвлэлүүд эмгэнэлийн үгсээ хайр найргүй цацалж, Утга зохиолын сан оршуулгын зардалд 200 рубль олгож, тууз, цэцгэн эрхээр чимэглэсэн шарилын хайрцгийг нь Зохиолчдын эвлэлийн хорооны Цагаан танхимд хүндэтгэлтэйеэ байрлуулаад салах ёс гүйцэтгүүлэх ажиллагаанд орлоо.
12 цаг гэхэд Ахмадын холбоо, Үзэл суртлын хэлтэс, намын болоод үйлдвэрчний хороо, үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөл, хорооны удирдлагууд байраа эзлэв. Түүний үе чацуутнууд зүрхний эмээ хүлхэж, алдар цуутнууд эрэмбээрээ жагссан, залуу зохиолчдын клубээс шарил өргөх ажилд томилогдсон залуус арханаар нь байрлаж, байраа эзэлжээ. (Цаашдаа шат ахих залуусыг л ийм хүндтэй ажилд томилдог билээ) Төрөл төрөгсөд нь толгой хавьцаа нь дүнсийлдэх авай.
Хором хойно хойноосоо цуварсаар 12 цаг 15 минут болоход Зохиолчдын эвлэлийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Темин урагш алхлаа. Тэрээр толгойгоо үл ялиг гудайлган, гашуудлаа илэрхийлээд, шивэр авир чимээ намдахыг хүлээн хэдэн мөч дуугүй зогссоноо удирдаж дадсан маягаараа гашуудлын ёслолыг эхэллээ.
Нөхөд өө, Өнөөдөр бид өөрсдийн дотны найз, хамтран зүтгэгч, гайхамшигт хүмүүн, их зохиолч бөгөөд жинхэнэ коммунист Семён Никитович Водоватовтой салах ёс гүйцэтгэн эцсийн замд нь үдэж байна. Бүх ухамсарт амьдрал, бүх хүч, буй бүхий туршлага, өөрийн бүхий л авъяасаа Семён Никитович маань эх орон, ард түмэн, Зөвлөлтийн уран зохиолд дуслыг ч үлдээлгүй зориулсан билээ.
Семён Никитович... төрөөд (“Залуугаараа редакцын босго алхсан” хэмээн гавъяат өвгөчүүлийн нэгнийх нь нүд хэлж байхад нөгөөгийнх нь “Цэрэг жадтай би үзгээ хослуулсан” хэмээн талийгаачийн шүлгийн үгсээр хариулмой.) ..09 онд анхны роман “Ган халхавч”-аа хэвлүүлэн бүх холбоотын шүүмж судлалын халуун дулаан үгсийг хүртэн, ЗСБНХУ-ын Зохиолчдын эвлэлд элсэн орсон юм.
Темин цааш нь үргэлжлүүлэн нас нөгчигчийн уран бүтээлийн замналыг бүтэн таван минут (Хоёр хуудас) урсгаад эцэст нь
 “Үүрд дурсана” хэмээн дуугаа чангалан андгайллаа.
Түүний дараа эртний найз Трощенко нь таягаа тулан гарч ирээд Семён Водоватав нь ямаршуу сайн нөхөр, гайхамшигт хүмүүн асан хийгээд, зохиол бүтээл дээрээ хичнээн идэвхтэй ажилладаг байсныг нь цацан цалгин дурслаа.
Трощенкогийн хэлсэн үг унагасан нулимс үхсэн нөхрөөсөө хоцорсондоо өршөөл эрсэн мэт санагдавч найз нь түрүүлэн үхсэнд баярласан өнгө аяндаа мэдрэгдэх авай. Царай муутай, залуумсаг найрагч хүүхэн Шонина эртний хийцийн сандлын түшлэгт урт хумсаа шигтгэж байгаад бурхан болоочид зориулсан бас л загвар муутайхан шүлгээ хэт хиймэл агаад залуумсаг өнгөөр уншиж гарав. Водоватав тэр хүүхнийг ил цагаан ивээлдээ авч, мөнгө зээлдүүлэн, сонин сэтгүүлийн газрууд руу утасддаг байсныг нь хүн бүхэн мэдэх тул түүний шүлгийг гайхах сэтгэл хэнд ч төрсөнгүй. Водоватавын авъяас хүн чанар хүнд хүчир ч энгийн бус жаргалтай амьдрал, гайхамшигт бүтээлүүд, дуусгаж амжаагүй төлөвлөгөөг нь ийнхүү удаан удаан дурсан эмгэнэвэй. Шарлын газрын ядуус “Бурхан бидэнд ийм оршуулга хайрлаасай” хэмээн залбирдгийн адил яах аргагүй дээд зэрэглэлтэй ёслол үргэлжилсээр...
Шарилын ширээг бүчсэн 150-иад хүн мөхөл, мөнхөрлийн энэрэлд хайлан, бурхан болоочийн дурсгалыг гүний хүндэтгэн, хотын эрхэмсэгүүдийн өрөвч цагаан гунигт туугдан, зөөлөн зөөлөн амьсгаалах ажгуу. Оршуулгын ёслолын хугацааг нарийн тооцсон хэдий ч илтгэгч нар улам улмаар нэмэгдэн, тэр ч бүү хэл уран зохиолын гомдол тайлалцах нь холгүй болов.
Бугалгандаа хар тууз уясан зургаа зургаан хүнтэй хүндэт харуул зургаа дахь удаагаа солигдохын алдад цугларагсад бугуйн цаг руугаа сэм сэмхнээр хялалзан, оршуулгын газраас хэзээ эргэх, оройн ажлын төлөвлөгөө нурах эсэхийн тааварт орооцолдон, танхимд багталгүй үүдэнд үлдээд тамхи татан аяархан дүнгэнэлдэх азтайчуудад атаархалын сэтгэл чулуудаж эхлэв.
Автобусны жолооч нарын нэг нь орж ирээд оршуулгын зохицуулагч, нийтлэлч Смильгинскийд дөхөн бүдүүлэг хар ажилны хоолойгоор хэзээ хөдлөхийг лавлах нь харагдав. Оршуулгын комиссын дарга, шинжлэх ухааныг хялбаршуулан дэлгэрүүлэгч,  соёо сахалт Завидович Темины зөвшөөрлөөр шарил өргөх залуусыг ойртон ирэхийг дохих үеэс хөдөлгөөнд орсон хүмүүсийн дундаас хоёр хүн Завидович руу дөхөн ирж нэг зүйлийг нууцлан учирлаж эхэллээ.
Албаны хувцастай, албаны царайтай арай залуухан нь нотариатын хүн гэж өөрийгөө таниулаад оршуулгын явдлын эцэст Водоватовын эцсийн захиаг хамт олонд нь уншин сонсгох гэрээслэлтэй гэдгээ хэлэн, дипломат цүнхээ онгойлгон гэрээслэлийн баталгаа гарган өглөө.
Хувцасны шүүгээнд удтал дарагснаас олон эвхээс суусан пиджактай хажууд нь зогсох өвгөн “Та хамаатан нь юм уу, өв залгамжлагч нарынх нь тоонд ордог уу” гэх асуултад “Үгүй ээ, би түүнтэй хамт Шексна руу загасчлахаар явдаг байсан найз нь. Энд тэнд хамт явахдаа элдвийн л юм хөөрөлддөг байлаа” хэмээн бувтнахдаа сэтгэл нь ихэд хөдөлсөн, бас хажуугаар нь өөртөө итгэлгүй байгаагаа нуухыг оролдох ажаам.
Темин тэдэн рүү очоод гэрээслэлийн баталгааг үзэнг Баранов Борис Петрович гэгдэх төр өвгөн хэрвээ Водоватовын эцсийн захиаг хамт олонд нь уншин сонсгож, эцсийн хүслийг нь биелүүлэх аваас зээлдүүлсэн 2000 рублиэсээ татгалзах болно гэснийг ойлголоо.
Темин тадгалзая гэвч чадсангүй. Тэгэх шалтаг ч олдсонгүй болохоор ЗСБНХУ-ын сүлдтэй улаан лацаар битүүмжилсэн зузаан шаравтар дугтуйг Барановт буцаан гардууллаа. Тэгээд урагш гаран зогсож,
Нөхөд өө, Семён Никитович биднийгээ дурсан нас барахынхаа өмнө эцсийн захиагаа бичиж үлдээжээ. Түүнийгээ уншин сонсгохыг өөрийнхөө дотны найз Борис Петрович Барановт даалгасан байна гээд ухран олны эгнээнд орлоо.
Өвгөн талийгаач руу эргэн харж салганасан гараараа мөрийг нь тайвшруулах мэт нэг илээд дугтуйны лацыг задлан захидлыг гаргаад нэг гараараа нүдний шилээ хамар дээрээ тохон аядаж, нугалсан захидлыг тэнийлгэн уртаар нэг амьсгаа авлаа. Тэгснээ тасалдангуй дуугаар уншиж эхэлсэн нь:
-“Бүгдийг чинь үзэн ядаж байна! Бүгдийг чинь! Ямарч авъасгүй муусайн шаарууд! Бурхан та нарт тохирсон ялыг чинь онооно доо.”
Танхимын агаарыг сорон авах адил хар ангал хага үсэрчихсэн мэт чимээ тасарч, алсын мухарын оюун бодол амь давчдан ёроолд нь унах болов. Бөөгнөрөн зогссон залуус ч сүүлийн хагас цаг хийсэн талийгаачийн уран бүтээлийн сая саяар тоологдох шагналын тооцоог тархинаасаа үлдэн хөөлөө.
Баранов өвгөний хөлс цаасан дээр под хийтэл дуслах нь сонсогдоно. Түүний сэтгэл нь шуудран, дуу нь чангаран, цааш уншсан нь:
-“Үхсэн нь энд би. Тиймээс би л өнөөдрийн гол хүн. Миний үгийг таслахгүй байхыг болгоож үз. Үхснийх нь эцсийн хүсэл зэрлэг хүмүүсийн дунд ч ариун байдаг юм. Хэнд ч захирагддаггүй та нарын бүдүүлэг зан энэ удаа амыг минь хааж чадахгүй гэдэгт найдаж байна. Хэдийгээр та нар худал, гүжир үгээ үхсэн хүний л хэлсэн болгодог зангаа хаяж чадахгүй ч гэсэн надаас өөр хэн ч та нарт үнэнийг чинь чангаар хэлж чадах юм бэ, хамт олон минь нүд нүдрүүгээ харцгаагаач.” Бүгд эвгүйцэж тэрхүү тушаалыг нь биелүүлэхгүй байх чадваргүйгээ ойлгов бололтой.
-“Худалдагдахгүй байхыг яасан их хүсэв ээ, нөхөд минь! Хэвлэх, зохиолч байхын тулд новш, худал хуурмагийг бичихгүй байхыг юутай ихийг хүсэв ээ. Та нарын хамгийн гайхалтай сайхнаар зохион байгуулдаг хурал цуглаан дээр чинь дуугүй байхгүй, худал хуурмагийг чинь бут цохихыг юутай их хүсэв ээ. Та нартай дуу дуугаа авалцан, өнгө хоршин улихгүй байхыг хичнээн их хүсдэг байв аа! Авъяасгүйг авъяастай болгон, авъяастайг гэмт хэрэгтэн болгодогтой чинь эвлэрэхгүйг яасан их мөрөөдөв өө!
Тийм ээ. Би та нарын тоглоомонд оролцсон. Яагаад гэвэл би ч гэсэн алдар суу, нэр хүндэд дуртай болохоор, юм бичихийг, зохиолч байхыг, нэр цуу, их мөнгө, албан тушаалыг хүсэж байжээ. Яагаад гэвэл надад эрч хүч байсан. Ухаан ч байсан. Бурхнаас заяасан авъяас ч байсан болохоор тэр. Надад авъаяс байсан болохоор танай утга зохиолыг удирдах тусгай газрын өөрсдийгөө агуу ихийн солиоролд оруулан бясаа адил түнтийсэн уяаны ноходоос илүү бичих чадалтай гэдгээ мэдэж байсан. Ард түмнийхээ шим шүүсийг сорон, аль авъяастай, аль л өөрсөдтэйгээ адилгүйг багалзуурдсан түшмэдийн агуу их солиоролд орсон минь тэр. Луйварчдын бүлэг, албан тушаалын хөлдүүсүүд, хулгайч, шамшигдуулагчдын зохиосон намын аль нэг тогтоол гармагц өчүүхэн тархиныхаа хэмжээгээр бүхий л арга хэлбэрээр үйлчлэн гүйх Социалист реализмын тэр махчин үлэг гүрвэлүүдийг би үзэн яднам. Нэгдсэн дүрэмтэй, нэгдсэн удирдлагатай төрийн машины орон тооны магтан дуулагч Зохиолчдын эвлэл байгуулна гэдэг юу гээчийн агуу их ухаан бэ. Уран бүтээлийн ордон гэдэг нь бүр ч гайхамшиг. Чамд энэ тасалгаа, ширээ, ор, хөтөвч өгье. Бас нарийн хуваарийн дагуу өдөрт дөрвөн удаа хооллоно. Орой нь кино үзүүлнэ. Ёо ёо! Цэргийн жагсаалаар алхуулж, өглөө оройд ЗХУ-ын сүлд дууллыг хангинуулахгүй байгаа нь их юм. Та нарын тэр холбоо, хороо, та нарын тэр нөхөр Маркин, та нарын тэр дүрэм, тусгай хоол, тусгай амралтыг би авсан дотроосоо нулимъя.”
Дараачийн хуудас шажигнан эргэв. Уншиж буй зүйлдээ хөтлөгдөөд өвгөний дуу улам чангарчээ. Загасанд явах бүрийдээ тэд ёстой л нэг сэтгэлээ нээлцэж, гашуун усаар гомдлоо тайлан, Баранов ч энэ үгсийг нь хамт олонд нь заавал хүргэхээр андгай тавьсан нь илэрхий байлаа.
Маркины нэрийг сонсоод Темин, Зайдович болон хэд хэдэн удирдах хүмүүсийн нүд сэртэс хийн аюулын дохио илгээлцэв. Залуусын бах нь ёстой л нэг ханаж байлаа. Бужигнаан эхлэхийн өмнө түүнийг таслан зогсоохоос аргагүй байдал бий болов. Цугласан олны дургүйцэл дээд цэгтээ хүрэв.
-“Энд уншигдаж буй зүйлийг ухаан саруулдаа бичсэн гэдгийг наториатын төлөөлөгч баталж, сэтгэл мэдрэлийн эмч нарын дүгнэлтийг гаргаж үзүүлнэ үү. Тэгэхгүй бол үүнийг маань өвчтэй хүний үхлийн өмнөх дэмийрэл гэж зүтгэх эрэмгийчүүд манайхны дунд байгааг би сайн мэдэж байна. Тэд бол энэ талаар мэргэшсэн хүмүүс.”
Бурхан болоочын шулам шиг сануулга удирдах нөхдийг ичээв бололтой. Өвгөний барьсан цаас руу Темин гараа сунгахыг завдсанаа бушуухан татаж аваад, юм хэлэх гээгүй дүр үзүүлэв. Авс өргөх үүрэгтэнгүүд дуу алдах нь сонсогдлоо.
-“Төр өөрөө зохион байгуулалтын гэмт хэргийн толгойн бүлэг болчихвол төрийн албадууд түүний их бие болно. Тэд мафийн зарчмаар амьдарна. Дубосеково тосгоныг хамгаалсан 28 пангфиловчууд шиг нэгэн хэсэг нь бялуунд хүрчихээд түүнийгээ улайран хамгаалж ахуйд, нөгөө хэсэг нь Гудерианы танкууд Москва руу дайрах мэт зүтгэнэ.”
-Энэ чинь одоо юу болоод байна аа. Александр Александрович аа. Та яагаад дуугүй зогсоод байгаа юм бэ? Улс төрийн өдөөн хатгалаг байна шүү дээ хэмээн хүүхдийн зохиолч Воробьева цухалдан хашгирахад Темин цэргийн дарга хүний захирангуй дуугаар:
-Нөхөд өө! Оршуулгын ажиллагаанд оролцох албан үүрэггүй хүмүүс гарч болно хэмээн хүнгэнэв. Уран зохиолын хэдэн молекул хаалга руу зүглэсэн боловч давсангүй. Уйдах аргагүй энэ сонин үйл явдлын эцсийг үзэхсэн гэхээс нүд нь гялалзан сонь нь буцлах бөлгөө.
Өвгөн цааш хадааж өгөв. –“Зохиолчид гэдэг бол ганцаардмал хүмүүс. Тэднийг холбож болохгүй. Зохиолч болгон өөрийн гэсэн үзэл бодол, арга барилтай байдаг. Хэрвээ тийм юмгүй бол тэр хүн зохиолч биш, эрээчигч. Хэрвээ намын батлах, намын сахилга нь намын тушаасныг л бичихээс өөрийн дагаж чадахгүй бол тэр бичсэнийгээ уран зохиол гэж бүү нэрлэ, намын суртал ухуулга гэж бод. Утга зохиолын ажил бол амтат боов биш, хэрээс юм байна гэдгийг би дэндүү оройтож ойлгосон юм. Тэр хэрээсрүү очих эр зориг надад байсангүй. Галзуугийн больниц, хорих лагерь, эрүүгийнхнийг дүүртэл чихсэн шоронд хийчих вий гэж айсан юм. Санаандгүй тохиолдлоор машинд дайруулчих ч юм уу, ажлаасаа хөөгдөөд дэлгүүрт ачигч хийхээсээ айдаг байлаа. За яаж байна? Миний авсыг өргөн явах үүрэг ноогдсон залуус хамгийн их баярлаж байна уу”
Бүх харц залуусруу чиглэж, залуусын нүд шаланд хадагджээ. Тэд эмгэнэлтэй дүр эсгэн дарга нарын нүүрэн дээр гэмгүй царайлах нь инээдтэй. Араар хэн нэгэн түс хийтэл ханиаснаа амаа гараараа тагласан мэт чимээгүй болов.
-“ Аль эртээс би танай энд амьдрахыг хүсэхээ больсон. Ойлгож байна уу? Хүсэхээ больсон!!! Канадын нам гүм хотхонд байнга сууж, басхүү Парис, Нью-Йоркт хэдэн жил өнгөрөөхийг Рим, Лондон, Токио, Рио Де Жанерог танай зохиолчдын эвлэлийн жуулчдын бүлэгтэй арав хоногийн хугацаанд л автобусны цонхоор бус, өөрийнхөө дур, тааваар үзэхийг мөрөөдөж явлаа. Тийм л юм бол яагаад яваагүй, зугтаагүй юм бэ гэж үү? Яагаад гэвэл бусадтай л нэгэн адил хамаатан саднаасаа болсон юм. Биднийг зугтан явчихвал “Амин хайртай” эх оронд минь барьцаа заавал үлддэг шүү дээ. Бүгд л эндээс дайжиж байхад харин тэндээс нааш гурван жилд ганц тагнуул оргон ирвэл бүр зурагтаар харуулна гээч.
Та нарын өгсөн албан тушаалтай чинь зуураалдахыг би хэзээ ч хүсэж байсангүй. Би ердөө л хүссэн болгоноо бичээд, бичсэн болгоноо уран бүтээлийн төлөөлөгчдөө явуулчихаад, түүнийг минь энд  тэнд хэвлүүлэх гэж зүдэрдгийг нь мэдэхгүй суухыг хүсдаг байлаа. Хэрвээ авахгүй бол шөнийн оёдлоор амь зогоож бичсэн номоо өөрийнхөө мөнгөөн тавхан зуун хувь хэвлүүлэхийг мөрөөдсөн хүн билээ би...”
Хэн нэгэн нь гүнээр сүүрс алдах нь сонсогдоод ахиад л нам гүм болов. –“Хэрэв хэлүүлэх гээд байгаа юм бол би танай хүн ердөө ч биш. Тийм ээ, эрт цагт би эвлэлийн дарга, редакцын намын үүрийн нарийн бичгийн дарга байлаа. Ард түмний дайсан, алуурчин эмч нарыг илчилдэг байлаа. Тэр үед би гэдэг хүн тархи нь гашилсан амьтан, нэг муу эрэг шураг л байж. Дараа нь ухаажин хэрсүү суусан гэсэн ч  бусдыг ухааруулах зориг минь дутжээ. Гэхдээ бүх юмыг ойлгож авсан юм шүү. Одоо бол би үхсэн. Над руу нулим л даа хамаагүй. Надтай цуг авслагдах номуудынхаа төлөө би таануусыг хэзээ ч өршөөхгүй. Таануусын урд гарч бөхөлзөн долигнож, ард гарч хошногыг чинь долооч байснаа ч гутамшиг гэж үзэхгүй. Уран бүтээлээ хэвлүүлэхэд тус болох хүмүүсийг хэдийгээр нэг нүдээрээ үзэж чадахгүй байвч тэдэнтэй найрсаг харьцаа тогтоохгүйгээр, наана цаана нь гарч гуйхгүйгээр аливаа юмыг бүтээж болоно гэж үү? Хэрвээ тэгээгүй сайхан хүн байх юм бол намайг авснаас минь гаргаад шидчихээч. За алив гаргаад шидчих! (Түр хүлээгээдэх)”
Сүүлчийн үгс байндаа туссангүй. Өвгөн Баранов шимтсэндээ ч юм уу, онгод нь орсондоо ч юм уу уншихаа зогсон түр хүлээсэнгүй. Угтаа бол тэрээр уншихаа түр зогсон танхим руу харж, зоргоор авирлах талийгчийг авснаас нь гаргаж шидэх тийм зоригтныг нүдээрээ хайх хэрэгтэй байсан биз.
-“Уг нь аваад шидчихмээр л байна” гэсэн зориггүйхэн бодол дарга нарын толгой дотор нууцгайхан эргэлдэнэ. Улайрсан Баранов энэ цаг үед нөхрийн сүүлчийн үгийг нэр төртэй биелүүлж чадлаа. Хоёр мянган рубль гэдэг бол тэтгэвэр авдаг хөгшчүүлд байтугай чамлагдахааргүй мөнгө.
-“Уран бүтээлийг яргалагч редакторууд, нэрээ нууцалдаг цензорууд, ДЯЯ, УХБ, Лубянкийн алуурчид та нарыг хараал идэг. Танай муусайн хоосон дэлгүүрүүд, гүнтэн шиг таргалсан бялдууч нар, таануусын боолын эрх чөлөө, үлэмжийн агуу худал хуурмаг чинь мөнхийн зүхэлд унаг.”
-“Бүр улс төр рүү орчихлоо шүү”, “Их хурлыг ч загнах нь л дээ”, “Үхсэн хүн л ингэж зүрхэлдэг аятайхан нийгэм юм даа”, “Алдах юмгүй болсон хойно арга байж уу” гэсэн шивнэлдээн олны дотор тэнүүчилнэ. Гэвч асар том алдах юм Вадоватавт байжээ.
-“Би таануусын дунд амьдарч, таануусын хийдгийг хийж, таануусын л адил ашиг хонжоо, алдар нэр горилж явлаа. Харин үхснийхээ дараа таануусын дунд хэвтэхийг даан ч хүсэхгүй байна. Хөшөө дурсгал, шинэхэн овоолсон шороон дээрх ёслолын үгс хэрэггүй. Худал хуурмаг хорвоогоос чинь бүр мөсөн холдоно. Өөрийнхөө ясыг анагаах ухааны нэгдүгээр хүрээлэнгийн анатомын театрт гэрээслэж байна. Зохиолчдын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга нөхөр Темин өнөөдрийн жүжиглэлийг найруулж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хөөе, тийм биз Сашок, тэнүүлчин минь. Чи арай зугтаж амжаагүй байна уу?...”
Теминий царай хүрэл цутгасан мэт хүрэн улаан болон хувирахад гарах хаалганы дэргэд зогссон хэсэг хүмүүс тас тас хөхрөлдөх нь сонсогдлоо.
-“Тус анатомын театраас араг ясныхаа үнэнд 150 рубль авсан гэсэн тодорхойлолтыг минь нотариатын газраар батлуулсан манай төрөл төрөгсдийн зөвшөөрлийн бичгийг Теминд гардуулж өгөхийг нотариатын төлөөлөгчөөс хүсье. Хаа хол руу, хөшөө чулуу руу минь, дуртай дургүй очиж байхын оронд зургийг минь харж суугаад, бичлэгийн минь шагналаар согтуурч байцгаа. Надад одоо ямар ч хэрэггүй хэлхээтэй яс минь анагаахын шинжлэх ухаанд бага ч гэсэн тус болог. Оршуулгын ёслол төгслөө. Ирсэн бүгдэд баярлалаа. Одоо харин бүгдээрээ эндээс тонилцгоо. Далан дөрвөн жил даанч их ядарлаа. Одоо таануусаас салж санаа нэг санаа амрах цаг боллоо.”
Өвгөн Баранов гэрээслэлийн захидлыг ормоор нь нугалан, дугтуйнд нь хийгээд, пиджакныхаа дотуур халаасанд шургуулж орхив.

Яахаа ч мэдэхгүй нам гүм хачин эвгүй байдал үүсч орхив. Таръя аа тарж болдоггүй. Байя аа байж болдоггүй. Энэ хачин явдал юу гээч болж төгсөхийг хэн ч таахын аргагүй болов. Баранов дотуур цамцныхаа шал нойтон захан дотуур алчуураа оруулж хүзүүгээ арчина. 

Үргэлжлэлийг Үндэсний Уран зохиол сэтгүүлээс уншаарай.

Орчуулсан Ж.Нэргүй