Wednesday, November 4, 2015

Энэ удаад би тамхиа ихэмсэг тайвнаар татаж дуусгана


(Ганцаардал шүлэг, гаанс, халаасан нэрмэлийн охь буюу гайхамшигт үдшийн бодол)


Бүтэн үлдсэн хундагаа эзэгтэй бодлогошрон ширтэх мэт
бүх зүйл дэндүү хялбархан өнгөрч, хүндхэн дурсагдах юм даа.
Гогцоорон үзэгдэх зөөлөн шаргал олс мэт гоо үзэсгэлэнт саран
гомдол цөхрөлийг хадаг мэт эвхэж, хөөрөг мэт өвөртөлж
өвөөгийн цуглуулсан эмийн ургамалын үнэртэй ногоон авдар,
хүрэн дээл, хөдөөх тосгон, хэзээ ч дуусашгүй зуны амралтыг санагдуулахад
энэ удаад би тамхиа ихэмсэг тайвнаар татаж дуусгахыг хүссэндээ
эзэгтэйн одоо ч гэсэн ширтсээр буй хундага мэт хэврэг сэтгэлээ уудлая.
Хатуурхаж, хорсох хүсэлгүй халамцуу бүлээн нулимс
халуун гарын арчилтанд эрхи мэт имрэгдэж элс мэт хатахад
хамгаас үнэн сэтгэл, үнэнч зүрхээ хатаж амжаагүй
хувцас мэт цүнхлээд хаашаа ч хамаагүй явахад би бэлэн.
Хугарсан янжуураа урамгүйхэн хаяхад
хугарсан янжуур минь ч намайг урамгүйхэн ширтээд
шатаж дуусаад одоо нэгэнт царцаж буй намрын
адайр атлаа шалгааж аргадах салхины хатуу үгс адил
удаан хугацаанд мартагдсан шүлгийн мөр
ур муутайхан эгшиглэж найдвар төрүүлэхэд
энэ удаад би тамхиа ихэмсэг тайвнаар татаж дуусгахыг хүссэндээ
эзэгтэйн одоо ч гэсэн ширтсээр буй хундага мэт бүтэн боллоо.
Энэ удаад л би тамхиа
ихэмсэг тайвнаар татаж дуусгая.