Showing posts with label гэнэт бодлоо л доо.... Show all posts
Showing posts with label гэнэт бодлоо л доо.... Show all posts

Saturday, April 4, 2015

Өчнөөн жилийн шарх минь Өнөө хавар ч илааршихгүй нь ээ...

Тоос дарсан гитар мэт үүлс
Тогоруудын дууны зүг
Зүүн хойшоо нүүхэд
Зүүрмэглэсэн бүсгүй сэрэх нь
Салхинд зүүсэн навчис
Нов ногоон болоод
Саяын зүүд тэнд тодрохуй
Сохор хүн яруу эгшинд
Хаврын аяст согтоод
Тэнэмэл гөлөгний мөр
Шүлэг мэт харагдмуу
Тэнгэрт тогоруудын цуваа
Бийр адил үзэгдээд
Тоос дарсан гитар мэт үүлсийг
Тэнд таталсан зураач хүмүүний сүүдэр
Өвсөн дээр тусахуй хөглөгдөөд
Өлмийд бүсгүйн алчуур шиг унах нь
Үүл мэт гитарыг үүрд хөглөхгүйн шинж ээ...
Өвсний хэлээр зүрхний тус газар цэцэг дохих шиг
Өчнөөн жилийн шарх минь
Өнөө хавар ч илааршихгүй нь ээ...

Л.Энх-Амгалан 1994 он. Хөх зул

Wednesday, March 20, 2013

Яах гэж шүлэг бичдэгээ мэддэг яруу найрагч хэр олон бэ


Өнөөдөр Дэлхийн яруу найргийн өдөр. Энэ өдрийг баяр эсвэл аль нэг халдварт өвчинтэй тэмцэх өдөр шиг ухаарал, тэмцэл, тайван жагсаалын өдөр гэж ойлгож хараахан болохгүй. Харин хүндэтгэлийн өдөр хэмээвэл зохино.

Нэгэнтээ бичигч миний бие дээд сургуулийн дипломын ажлаа тогтмол хэвлэлүүдэд өгсөн зохиолчдын ярилцлагад дүн шинжилгээ хийж, судалгаагаар хамгаалахаар шийдсэн удаатай. Урьдчилсан хамгаалалтын үеэр багш маань асууж байна. “Чи яагаад заавал зохиолчдын хэв шинжит дүрийн талаар судалж, асуудал тавих болов. Сэтгүүлзүйн бүтээл яагаад биш гэж?” хэмээсний хариуд би “Яруу найраг, шүлэг зохиол бол миний хар бага наснаас дурлаж, өнөө ч тэр хүсэл минь буураагүй байгаа үнэтэй зүйл” хэмээхээс өөр юу ч хэлж чадаагүй юм. Учир нь дээрх асуулт “Чи яах гэж шүлэг бичдэг вэ” хэмээх асуултыг давхар асууж буй мэт санагдсан юм.

Тэр үед яруу найрагт хайртайгаа ямар нэг шүлгийн уралдааны тайзнаас биш их сургуулийн эрдэмтдийн өмнө, бүр цэвэр сэтгүүлзүйн мэргэжлийнхний өмнө ингэж хэлж зогсохдоо юу ч хэлж чадаагүй шиг өнөөдөр ч яах гэж шүлэг бичдэг тухайгаа тодорхойлоогүй л явна. Миний адил шүлэг, яруу найрагт дурласан залуус бүгд үүнтэй санал нэгдэж иймэрхүү гэнэтийн асуултуудад эртхэн бэлдэх хэрэгтэй юм байна гэцгээдэг. Гэвч биднийг яах гэж шүлэг бичдгийг тодорхойлох хөдөлшгүй шалтгаан тэр бүр олддоггүй. Зах зээлийн эдийн засгийн үед хүний хөдөлмөрлөх, бүтээн туурвих үндсэн шалтгаан нь өмч байж таараад байдаг. Монголын нөхцөлд өмч нь үл хөдлөх хөрөнгө тэргүүтэн л бололтой. Гэтэл шүлэг бичсэнээр өмчтэй болчихно гэж үгүй. Шүлэг нь өөрөө өмчийн нэгэн хэлбэр болох оюуны өмч боловч шүлэг хэмээх оюуны өмчтэй болох зорилгоор хэн ч шүлэг бичдэггүй. Тэгэхээр хүний нийтлэг хүсэл сонирхлоос хамаагүй өөр түвшний асуудал болж байгаа биз.

Анхныхаа шүлгийн эмхтгэлийг монголдоо монополь болчихоод байгаа ганц дэлгүүрт тавьж тэндээс 10-хан ширхэгийг борлуулж билээ. “Аая, чи номтой юм уу” гэж асуух хүн бүрийн амыг “10-хан ширхэгийг зарсан. Бусдыг нь тараагаад дууссан” гэж би хэлдэг. Тэгж хэлэхээс ч аргагүй. Үгүй бол номоо яаж зарахыг надад зааж балайрах хүмүүс олон болчихдог юм. Тэгж зөвлөгөө өгөх хүмүүсийн дунд  “Номоо ягаан туузаар ороож “Хосуудад зориулав” гэж алтан утсаар бичих хэрэгтэй” гэх нэгэн ч байх жишээтэй.

Дарма Батбаяр гуай нэгэнтээ шүлэг бичдэг хүмүүс олон байгааг гайхахдаа “Шүлэг бичихийн тулд хэн нэгэн сайхан охинд дурлахад л хангалттай. Тэгээд л болчих зүйл. Залуу насны урлаг” хэмээн хэлж байсан удаатай. Түүний ингэж хэлсэн нь үргэлжилсэн үгийн их туурвилуудад элэгтэй байдагтай нь холбоотой  нь тодорхой. Гэхдээ л шүлэг, яруу найрагт уусан дурлагчдын хүсэл, сонирхол, тэмүүлэл, шунан дурлах үйл явцыг тодорхойлж чадахгүй.

Яруу найраг хайр дурлалаар хөглөгддөг нь үнэн боловч туйлын үнэнийг эрэлхийлэх, орчлонгоос хариулт нэхсэн асуултуудын дэргэд өнөө хайр нь бүдгэрнэ. Ийм тохиолдолд яруу найргийн ай сав, өгүүлэмж дэх оногдохуйг сайхан охин, хайр дурлал, тормон нүдээр тодорхойлно гэдэг хэт басаж буйн шинж.

Яах гэж шүлэг бичдэгээ тодорхойлохын тулд яагаад бичиж эхэлснээ эргэцүүлэх нь нэгийн хэлж мэдэх юм. Дээхнэ манай үеийн хэн нэгэн залуу яруу найрагч “Бид яагаад шүлэг бичдэг вэ гэж үү. Бид зүгээр л донтчихсон юм” хэмээсэн гэдэг. Магадгүй хар тамхинд донтогсодтой адил хам шинжтэй байж болох энэ донгийн хамгийн онцлууштай нь бусдын оршихуйд тээг болдоггүй билээ. Үгүйсэн бол яруу найрагч гэх хүн нийгэм дунд юу хийх билээ.

Эртний, өнгөрсөн зууны яруу найрагчдын тухай ярихаар бүгд хувь тавилангийн золиос болсон, үхлээрээ дамжуулж алдаршсан аугаа амьтдын намтар, хэд гурван шүлэг ярих гарна. Тэднийг магтан ярих яруу найргийн боловсролтнууд харамсалтай нь тэдгээр яруу найрагчдын стандарт бус сэтгэлгээг нь биш амьдралын хэв маягийг нь алдаршуулж, магтаж, залуу үед номлоод байдаг муу зантай. Нийгэм, сэтгэлгээ тэр аяараа өөрчлөгдчихөөд байхад яруу найрагчийг тэр үеийнх шиг гэр бүлдээ арчаагүй, нийгэмд хэрэгцээгүй амьдрахыг заагаад байдаг энэ суртлаас дээд үеийн яруу найрагч, зохиолч, шүүмжлэгч ах нар минь салаасай. 

Өнцгөөсөө жаахан хазайчихлаа. Тодорхойломж... Яруу найрагч бүхэн өөр  өөрийн оргилыг олж харж, тодорхойлж, түүн рүүгээ тэмүүлдэг. Нэгэн үеийн шүлэгчдийн шүлгүүдийн ижилсэл, айлсал үүний дэргэд анхан шатны, аажимдаа гээгдэх ойлголт. Ү.Хүрэлбаатар нэгэнтээ шүлгийн тэмцээнд оролцож буй залууст хандан “Монголоос өөр яруу найргийг ингэж уралдуулдаг газар хаана ч байхгүй. Гэхдээ тэмцээн ч гэлээ энэ дунд жинхэнэ шүлэг бас байна аа. Харин нэг шүлгээ хаа явсан газраа улиглан уншиж байдаг шүлэгчид бас харагдлаа. Нурууг нь холгосон морь шиг ингээд байж болохгүй. Тэмцээнд түрүүлэх, удаалахдаа биш. Шинэ зүйлд та бүхнийг зорьж, нээж олоосой гэж хүсэж байна” хэмээсэн юм. Үүнийг ч манай үеийн залуус сайтар ойлгож, эхнээсээ шинэ зүйлд догдлон тэмүүлж буй. Хамгийн сонирхолтой нь тэдний хэн нь ч яах гэж шүлэг бичээд байгаагаа одоо болтол тодорхойлоогүй яваа гэдэгт би итгэлтэй байна.

Яах гэж бичдэгээ тодорхойлоход цээжний цэц, их омог, дэврүүн зан, адгуу ааш аяг аль нь тус болохгүй. Дээхнэ үед Рок сонирхогчдын № 1 тоот өрөө ч бил үү нэг клуб байгуулагдаж байсан юм. Тэндхийн залуус амьд хөгжимд яагаад дуртай вэ гэхэд “Ихэнх хүмүүс амьдралд хайртай байдаг шүү дээ. Бид түүнтэй л адилхан хөгжимд хайртай” хэмээж билээ.  Яруу найрагт энэ төрлийн тодорхойлолтууд өгч болно. Ухаалаг, сод сонсогдох тодорхойлолтууд ч гаргаад ирж болно. Гэхдээ хувь яруу найрагч бүрийн өөр өөрийн тодорхойлолтыг зөвхөн эрхэм цаг хугацаа л хамтран бүтээлцэх учиртай гэдэгт би итгэдэг юм.

2012 оны энэ үед бичсэн болно
Т.Бэх

Saturday, February 2, 2013

Блогоо шинэчлэв

        Бэхэнзүрхт гуайн хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг үйлдлүүдийн нэгээхэн талбар бол энэ блог хуудас мөнөөсөө мөн. Анх 2006, 2007 он хавьцаа блог.мн, банжиг, минийх гээд байж болох бүх л газарт өөрийн гэсэн блог хуудастай болж байсан. Одоо ч зарим нь байдаг л юм. Сайхан гар чинь нэвтрэх нэр, кодоо санадаггүй болохоор одоо хаачихаж чадахгүй, нээж ч чадахгүй хааяа нэг өнгийж мушилзаад өнгөрдөг билээ. 

2008 онд блогспот дээрх таны харж буй энэ блогийг нээснээс хойш гүн ногоон, хар голдуу дэвсгэртэй ханатай явсаар өнөөдрийг хүрчихэж. Тэр бүрчлэн олигтой шинэ пост хийлгүй, өөрийн шүлгийг хаа нэгхэн оруулсан болоод орхидог байв. Тиймдээ ч бусад хүмүүсийг уншихыг санал болгох нь битгий хэл өөрөө ч өдөр бүр орж чаддагүй байсныг нуух юун. Харин өнөөдөр, харийн хотын сонин цаг агаар дор тамхи татан зогссоноо гэнэт багахан өөрчлөлтүүдэд ач холбогдол өгөлгүй, хэнэггүй царайлж явдаг муу зангаа хаяхаар шийдлээ. Угаасаа ч олон хүн миний блогийн дэвсгэр таалагдахгүй байгаа тухай, уншихад төвөгтэй байдаг тухай сэтгэгдэл, сэлт үлдээсэн. Тиймээс өнөөдрөөс ийм нэг даруухан өнгөн дээр шинээр бичиж эхлэх гэж байна. Блогспот сөнөчихгүй л бол болоо доо. Бичээд л байя. :D



Thursday, June 9, 2011

Гитар



Эгшигт утаснууд нь өндгийг минь урж тасдана
Өвдөлтөөр минь эмжээрлэж долгионтсон тэр авиа
Энүүхэндээ л гэж хэлэхэд сайхан сонсогдоогүй ээ
Гэвч үл ялиг өнгө алдан тоглохдоо, дуулахдаа
Үнэндээ би жаргалтай байжээ.

Wednesday, October 20, 2010

Миний зураг


Надад нандигнаж хадгалж, хаяахан гаргаж үздэг багын зураг бараг байхгүй л дээ. Хоёрхон зураг л бий. Нэг нь одоо таны өмнө байна. Харин нөгөөх нь олон бээрийн цаана бий. Тэр талаар дараа...дараа. Доорх зургыг ажилдаа самуурч номын хайрцагаа ухаж байх зуур гэнэт олоод нэг л тайвшир ч билээ. Яагаад ч юм. Багын зурагаа харахаар юуны түрүүнд ээж минь бодогдсон. Дээр нь саяхан Улмаагийн блог дээрх Эрдэнэсолонгын шүлгийг уншаад бүр ч ихээр ээжийгээ саналаа. Гээд яахав дээ. Уйлж майлаад явалтай нь биш. Зураг дээрх өөр шигээ хүүтэй болоод ээжийгээ баярлуулах, эсвэл уурлуулах насандаа ирчихсэн байж. Тийм үү. Найзуудаа...Заза та бүхний таних Есөн-эрдэнэ ямар ч байсан энэ зураг дээр эхний эгнээнд баруун гар талаас нэг дэх жижигхэн залуу нь шүү хэхэ.