Saturday, February 2, 2013

Блогоо шинэчлэв

        Бэхэнзүрхт гуайн хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг үйлдлүүдийн нэгээхэн талбар бол энэ блог хуудас мөнөөсөө мөн. Анх 2006, 2007 он хавьцаа блог.мн, банжиг, минийх гээд байж болох бүх л газарт өөрийн гэсэн блог хуудастай болж байсан. Одоо ч зарим нь байдаг л юм. Сайхан гар чинь нэвтрэх нэр, кодоо санадаггүй болохоор одоо хаачихаж чадахгүй, нээж ч чадахгүй хааяа нэг өнгийж мушилзаад өнгөрдөг билээ. 

2008 онд блогспот дээрх таны харж буй энэ блогийг нээснээс хойш гүн ногоон, хар голдуу дэвсгэртэй ханатай явсаар өнөөдрийг хүрчихэж. Тэр бүрчлэн олигтой шинэ пост хийлгүй, өөрийн шүлгийг хаа нэгхэн оруулсан болоод орхидог байв. Тиймдээ ч бусад хүмүүсийг уншихыг санал болгох нь битгий хэл өөрөө ч өдөр бүр орж чаддагүй байсныг нуух юун. Харин өнөөдөр, харийн хотын сонин цаг агаар дор тамхи татан зогссоноо гэнэт багахан өөрчлөлтүүдэд ач холбогдол өгөлгүй, хэнэггүй царайлж явдаг муу зангаа хаяхаар шийдлээ. Угаасаа ч олон хүн миний блогийн дэвсгэр таалагдахгүй байгаа тухай, уншихад төвөгтэй байдаг тухай сэтгэгдэл, сэлт үлдээсэн. Тиймээс өнөөдрөөс ийм нэг даруухан өнгөн дээр шинээр бичиж эхлэх гэж байна. Блогспот сөнөчихгүй л бол болоо доо. Бичээд л байя. :D



Wednesday, January 30, 2013


Тэр зураг дахин олдоогүй
Агаарын бөмбөлөг, цаасан шувуу, цэлмэг тэнгэр
Тэр зурганд байгаагүй
Алс газрын бяцхан суурин, тугалын хашаа, цэгцтэй гудамжууд
Тэмтрэгдэх тэр л зурагнаас
Ажиллахаа больсон үтрэм, халуун усны газар, хуучин байшингууд
Мэдрэмж төрүүлэн гэрэлтдэг

Тэр зураг дахин олдоогүй ч
Дээвэр дээр суух лимбэчин хүү, усанд явах Сарнайгийн дүр
Тэр зургаар дамжин тодорч
Дэлгүүрийн эгч, хямд чихэр, шинэхэн ШТС
Тээртэй хол санагдах бэлчээр, тариалангийн талбай
Цээжинд минь алслагдан тодорч байна

Тэр зураг, тэр зураг
Тэр л зурганд
Тэнгэрийн хаяа ягаарах мөч дурайж
Бүлээн элс, халуун хайрга, усанд шумбалт
Уруул минь хагарсан ч цус шүүрүүлэн инээмсэглэж
Ухаалаг, болгоомжтой явах тухай бодоо ч үгүй явсан нас минь буй.

Өө, тиймээ тэр зураг одоо олдохгүй
Өнгөрч явсан жуулчдын хичээнгүйлэн буулгасан
Тэр зурганд дурайн үлдэхийн тулд догдлон зогсож асан
Догдлол дүүрэн хөвгүүний сайртсан гар хэзээ ч юм шүлэг бичиж эхлэн
Дотно голын зэгс, дотор эвгүйрэм гүн цүнхээл, комбайн тракторын сэг, ер нь бүхнийг
Дотор сэтгэлдээ гал маналзуулан харшуулах хачин ойлгомжгүй өдрүүдийнхээ хаа нэгтээ гээж
Гэнэт л цонхоор харах атлаа өрөөн дөх өөрийгөө олж танин таг дуугүй зогсоо
Энэ л цагийн гөжүүд нэгний ирээдүй өөд их л итгэлтэй тэмүүлж байсныг нь яана.

2013 он 1 дүгээр сар






Wednesday, June 6, 2012

Хэн нэгний тухай-2


Цуврал алуурчин мэт гөлийх сарны өмнөөс
Чулуу шидэх мэт эгцлээд яруусал хайх эгшинд
Цусан толбот үүлсийн нүүдэл хэн нэгний зүрх рүү чиглэж
Цөн түрэх мэт дүрслэлүүд нүдэн дотор нь ойволзлоо

Хүнд үүлс, хүйтэн агаар хөө хуяг мэт сэтгэлд жин дарах
Хүн чанар, дотно инээд хүсэлд бугшсан эмзэглэлд живж одох
Хэн бүхний эргэлзэн хөл алдах үйлт энэ үзэгдлээс
Хэдийнэ чи ангижирах аргаа олсон байна. Би анзаарсан байна

Цул алт мэт өнгөт тайзнаас өөр орчны эрхшээл
Чулуун хэрэм мэт дөнгөт харанхуй гүн эмгэнэл
Энэ бүхнийг таягдан хаях эрчит мутар, эрхэт зүрхээрээ чи
Эргэж дурсахаас аргагүй үнэн намтараа бичиглэсэн байна
2012.6.6






Thursday, April 5, 2012

Дотогшоо


Дотогшоо... улам дотогшоо
Дотогшлох тусам улам бүүдгэр
Донслох чимээнд өөрийгөө чимхээд
Доромжлол сөрөн алхав
Байшин нурах мэт хөгжим
Нууранд хүн живэх мэт төгсөхөд
Багтрах төдий энэ хилэн
Нууцлаг сэтгэлийг цочрооно
Дотогшоо... улам дотогшоо
Доргилтоос болж бөөр минь сугарчээ
Хоёр гартаа бөөрөө барьсаар
Хогийн савыг чиглэн ... дотогшоо дотогшоо
2008

Friday, March 9, 2012

Жинхэнэ яруу найрагчид зориулав


Ай! яаж ингэж дүрэлзэн омогшихыг
Аргил өнгөт хоолой чинь улам тодотгоно вэ
Үл цуцах эрч хүч унтарч гудайшгүй ааш аяг чинь
Хүлцэн тэвчих их төлөв, илт онцгой ажээ
Заналт шуурганд уруудагч хүн сүргийн дунд сөрөн зогсож
Зангуу мэт цээжиндээ баруун гараа авч далбаа мэт өргөхийг
Газарт буусан дагинасын эрэлхэг хөвгүүд чамд заав уу
Гарцаагүй тэдний нэг нь чи л өөрөө байв уу
Ай! Яаж ийм бүхнийг анирдуулах омогт харцтай төрөө вэ чи
Алга ташилт мэт харь ёрлолоос ангид оршиж чадна вэ чи
Унтаа хотын сүйрэл мэт ужиг энэ ертөнцийг
Ухаарах гэж ийн амьдрав уу, ухааруулах гэж ингэж тэмцэв үү
Сөнөсөн цамхагийн багана мэт хүндлэгдэх цогцосыг чинь
Сая живаа хэсэгт хувааж шүтэн муйхарлах хүн төрөлхтөнд зориулж
Өмнөөс чинь өршөөлийн үг хэлтэллээ баатар минь
Өгүүлэх минь шүлэг мэт санагдахаас урьтаж өөрийгөө би өөрөөсөө нууя
2012

Thursday, March 1, 2012

Харанхуйн дуулал


Хамгийн хүсэмжит жимс гүзээлзгэнээс цус дуслах аж
Хашгирч чаддаг энэ л ганц өнгө харанхуйг мөрөөддөгөө хэлээд байна
Хумсаа мэрж буй шаргал үст гоо охины харц мэт харанхуй
Хуурмаг үнэнийг илэрхийлсээр оршихуйн он дарааллыг балартуулахад
Махчин цэцэгс мэт хүн төрөлхтөн харанхуйг
Хамаг нүгэлтэйгээ хамт мартсан дүр үзүүлэн
Нарлаж буй хоригдлууд мэт гэмгүй царайлж алхлаач
Марталт гэдэг зөвхөн энэ өдрийн үдийн цай мэт хором ажээ. Гэвч
Үл гээгдэх үес мөчүүд дурсамжийн тэнгисийн цаад эргээс
Үлдэн хоцорсон гомдлоороо ус цавчлан наашилж
Хадан цохио хэлтлэн нүүлгэх мэт нэхэл хатуу ширтэхэд
Харанхуйн дуулал хэт гүнээс сонстож, нар атгахаар тэнгэр өөд цуурайтна.
2011

Жич. Дахин ийм dark шүлэг бичихгүй гэдгээ албан бусаар амлав би...

Friday, February 17, 2012

Гоо бүсгүйн гарт үхмээр хавар


Мэргэн буудагч гоо бүсгүй
Миний дуртай цамхаг дээрээс намайг намнах мэт
Амьдрах дур хүсэл улам төрөх энэ хаврыг
Албан өрөөндөө суун хүлээж байна би
Онилон харах нүдээрээ алхааг минь тооцоолж
Огцом хөдөлгөөн хийвэл дор нь нам буудахаар
Бэлтгэгдсэн тэр бууч бүсгүйн нүд шиг хурц тод хаврыг
Бичгийн ширээндээ суун ар шилээрээ мэдэрнэм
Нахиалах цэцэг шиг эмзэг гохондоо зөөлнөөр хүрч
Нарийн туяхан хуруундаа бөгж зүүх тухай түүний мөрөөдөл мэт
Гэгэлгэн хавар цонхны цаанаас гэтэн ирж
Гэнэт нуруунаас минь тэврэх мэт төөнөж байна
Хамгийн хүсэмжит үхлийг надад бэлэглэх тэр бүсгүйн
Харц шиг хахирган хавар байлаа ч хамаагүй ээ
Үл гүйцэлдэх хүслийн минь цэвдгийг гэсгээхээр онилох
Үг үгүй ч үнэн сэтгэлийн мишээлт өдрүүдийг би олж харъя
2012.02.18 Албан өрөөндөө

Wednesday, February 8, 2012

Тугалган цэрэгт зориулав



Орчин цагийн гоо бүсгүйн нүдний
Онцын тод будаг нь нулимстай тэрсэлддэг
Ойлгож байна уу цэрэг ээ, тэгэхээр
Одооноос эхэлж уйлуулж болохгүйг анхаар
Цэх зогс цэрэг ээ, чи бол зураач, гол нь цэрэг
Цэнэгтэй буунаас илүү зориг цээжинд чинь байх учиртай
Эмс охидын чих дөжрөөм, нүд сохлом шалиглалд
Эцэс үгүйг мэдэх мөртлөө, тийш хадуурагч
Ам нь хатуу агтнаас ялгагдах чанар чинь юу вэ
Алив надад шалавхан хэл, гүйгээд...гүйгээд
Зурагдсан тавиланг чинь хэлж өгье
Цээжээ урагш, хөлөө цэх. цэрэг минь
Зуухан дотроос тугалган зүрх олдвол
Тэр чиний халуун цогцос байх болно
Ёслолын буудлага, гоёмсог тагтай хайрцаг
Ёс төртэй найр наадам чиний үхлийг чимэх болно
Одоо явж тулаанд бэлд. Гутлаа тосло. Үсээ самна
Оройхон энийг үзээрээ “Хунт нуур” бүжгэн жүжиг...
2011