Sunday, May 18, 2014

***



Мартагдсан мэдрэмжээ эргэн санахад
чи надад анх удаа дурлах мэт санагдаад байна
Төгс яруугийн туурь болсон сэтгэлтэн минь
чиний л төгсгөл өөд би сөгдөн цурхирч байна
Хаанаас чи энд ялгуусан ялалтын эзэрхэг гүнж болон төрөөд
хатан чинжаалаа агаар зүсэн чиглүүлж зүг бүрт алтан сүйх илгээв ээ?
Алтан сүйхэнд багтааж ядан ачсан нөж, нүгэлт зүрхсийг
атган өргөх чинь аймшигтай атлаа ялдам байх мэдрэмжийг ээ!
Аяа, яг өнөөдөр миний сөгдөн цурхирах энэ элст хөндийд
атгаг шуналт зүрхэс яаж цус садраан унаж байв аа.
Амьд үлдсэн энэ л зовлонт зүрхээ одоо би
амьтай байлгахыг хэчнээн хүсэж базлавч
хорлонт янаглалын чинь амтат таалал хорвоо бид
хоёрыг хаана ч юм цөлж, дөнгөлөөд холдсоор л байх шиг санагдана.

2014

Thursday, April 3, 2014

Санаа алдаад ч намайг үл зогсоох...

Санаа алдаад ч намайг үл зогсоох чиний
санаандгүй худалдан авсан толь шиг
харцны минь гялгар хатуу гялбаанаас чи
харшлан түлхэх хий орон зай олж харжээ
Шүлэглэн сатаараад ч нэмэргүй үлдэх энэ буурчийн газрын
шөнийн дэнлүүнүүд савчиж үүрээр намайг сэрээхэд
санаандгүй худалдан авсан толиндоо чи минь
өөрийгөө биш намайг харан гуниж буйг чинь 
савчих дэнлүүний ёолон чихрах дуун дундаас
санаа алдан олж сонсоод яг л чам шиг гунигт автлаа.
2014







Monday, March 17, 2014

Уймарагч, хөлчүүрэгч чи
учир нь үл ойлгогдох
танка хэлчихээд
урсагч чи
ус шиг агаар шиг
ууршигч, замхарагч, шатагч чи
уйлах чинь хүртэл хиймэл
урамгүй хүйтэн чи
ургаж буй шүлэгсийн минь амьсгааг
уруулдаа шингээн хүйтэн инээмсэглэгч чи
ухрааж болдогсон бол цаг хугацаанаас
утгагүй тавилангийн чинь эхлэлийг
устгачихаад эргэн ирэхэд ч
миний дэргэд байж үл чадах чи
эзэрхэг түрэмгий атлаа
энэлэн зовлонд тачаадагч чи
уруу царайлж бүхнээс алсарахад минь
эргэлзэлгүй тайтгаруулах увдисаа цацраагч чи
учирч амжилгүй өнгөрсөн бол
намайг нэхэж гундаж, бөхийхдөө
улаан сарнай шиг ихэмсэг үхэлд
учиргүй дурлаж чадах л байсан чи...
2014



Tuesday, February 18, 2014

Хөндий байшингаар дүүрэн энэ хотод


Хөндий байшингаар дүүрэн
энэ хотод дэндүү дүүрэн сэтгэлтэй
чамтай би учирч амжилгүй
анхны дуугаа зохиож, өөрөө дуулжээ
чавхдас тасарч, даруул нь эмтэрсэн
зэмсгүүдийг даан ч төгөлдөр гэж эндүүрэн
дахин дахин хөгжимдөж бусдыг залхааж
дэмий зүтгэлээс цааш алхсангүй
Хөндий байшингийн цуурайг
хамгаас бадрангуй гэж итгэхэд
дэндүү дүүрэн сэтгэлтэй хэн нэгэн
гэнэт өмнө минь гарч ирээгүй
эмтрэн унаж, эмгэг цэцэгсийн үндэст
эвдрэн сүйрэх нь тодорхой энэ хөндий байшингууд
ингэтлээ намайг хорьж, сөхрөөх юм гэж
итгэхийг хүсэлгүй энд би удаан амьдарсан байна
Дэндүү гоёмсог өдрүүдийн дотно дулаан тохиолуудаас
Дэмий л би дүүрэн нэгнийг хайж яваа юм биш биз...
2013



Sunday, January 19, 2014

Наран цэцгийн толгод дээрээс

Наран цэцгийн толгод дээрээс
Намайг даллаж байна гэж төсөөлөөч
буйдхан эгэл тосгоныхон чухамдаа намайг анзаарч
эрээгүй тэнэмэл зураачийн дүрээр дурсах л байх                  
Хилэн хар хүрэмнийхээ халаасанд алгаа хөлрүүлэн
атгасан ширэн хүрэн хавтастай шарласан энэ л хуудсууд
тэртээх өдрүүдэд буцаж очих хүслийг минь                                       
тэвчээр мэдэн хадгалж л байгаа юмсан
уулчлалыг минь анзаарсан толгодын салхи
уйт санаашралыг үл тоон уруулыг минь илбээд
Хэлэх үгийг минь урьтаж мэдсэн мэт сэвэлзэн одохдоо
хэнд л хүргэхээ харин хэзээ ч тааварлалгүй явсан л байх
Наран цэцгийн толгод дээрээс
Намайг даллахад мэхийсэн
Гүн ногоон дов, усан шаргал үүлс
үдшийн бүрийг надтай угтахдаа
Одоо цаг гэж байхгүй хэмээн
ойлгомжгүй үгсийг хэдэнтээ хэлээд
их зам, ирээдүй хоёрын тухай
ихэр хөвгүүдийн намтар хүүрнэсэн юм
Наран цэцгийн толгод тэртээ хол үзэгдэж
Намайг дахин битгий ир гэж үхэж буй өтгөс шиг
өгүүлээд дэрэн дээрээ сулдайн унах мэт
толгод алсрах нь эцсийн эцэст хувь тавилан адил
ганц хувь зургийг гээчихээд гараа хий дэмий
савлан зогсохтой  гайхмаар адилхан болохыг сая л анзаарлаа.

2013 он нэгдүгээр сарын 20
Вашингтон хот





Wednesday, January 8, 2014

Авсанд хэвтээ хүн (Өгүүллэг)


Михайл Веллер (Эстоны зохиолч)

Оршуулга. Хүсээд баймгүй ч гэсэн хэзээ нэгэн цагт зайлшгүй учирдаг ёслолын ажиллагаа. Сэтгэлд гунигтай. Бүгд л тийшээ явах юм хойно яая гэхэв.
Водоватов өөрийн жамаар л нас нөгчжээ. Тэрээр нарийн бичгийн даргын хувьд дөрөвдүгээр газрын эмнэлэгт нэг ортой, зурагттай тусгай үйлчилгээтэй өрөөнд хэсэг зуур хэвтэж, ажлын газрынхан нь ээлжээр сахин, биеийн байдлыг нь бусаддаа шуурхай мэдээлэх боломж олгоод одлоо. Нас 70, зүрхний бичлэг, хоёр дахь шигдээс. Харин зураасны дор бичигдэх зүйлс гэвэл “Зөвлөлтийн зохиолч” хэвлэлийн газраар эрхлэн гаргуулсан “Түүвэр бүтээлийн” дөрвөн боть, “Уран зохиол” хэвлэлийн газрын хоёр боть, хоёр одон, медалиуд, тоо томшгүй редакцын зөвлөл, комиссуудын гишүүн, хилийн чинадын урилгууд, утга зохиолд хөл тавих ерөөл хүртсэн залуус, хүүхдүүд ач нар. Нэг үгээр хэлэхэд явган ирсэн бадарчин явдалтай мориор буцвай.
Сонин хэвлэлүүд эмгэнэлийн үгсээ хайр найргүй цацалж, Утга зохиолын сан оршуулгын зардалд 200 рубль олгож, тууз, цэцгэн эрхээр чимэглэсэн шарилын хайрцгийг нь Зохиолчдын эвлэлийн хорооны Цагаан танхимд хүндэтгэлтэйеэ байрлуулаад салах ёс гүйцэтгүүлэх ажиллагаанд орлоо.
12 цаг гэхэд Ахмадын холбоо, Үзэл суртлын хэлтэс, намын болоод үйлдвэрчний хороо, үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөл, хорооны удирдлагууд байраа эзлэв. Түүний үе чацуутнууд зүрхний эмээ хүлхэж, алдар цуутнууд эрэмбээрээ жагссан, залуу зохиолчдын клубээс шарил өргөх ажилд томилогдсон залуус арханаар нь байрлаж, байраа эзэлжээ. (Цаашдаа шат ахих залуусыг л ийм хүндтэй ажилд томилдог билээ) Төрөл төрөгсөд нь толгой хавьцаа нь дүнсийлдэх авай.
Хором хойно хойноосоо цуварсаар 12 цаг 15 минут болоход Зохиолчдын эвлэлийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Темин урагш алхлаа. Тэрээр толгойгоо үл ялиг гудайлган, гашуудлаа илэрхийлээд, шивэр авир чимээ намдахыг хүлээн хэдэн мөч дуугүй зогссоноо удирдаж дадсан маягаараа гашуудлын ёслолыг эхэллээ.
Нөхөд өө, Өнөөдөр бид өөрсдийн дотны найз, хамтран зүтгэгч, гайхамшигт хүмүүн, их зохиолч бөгөөд жинхэнэ коммунист Семён Никитович Водоватовтой салах ёс гүйцэтгэн эцсийн замд нь үдэж байна. Бүх ухамсарт амьдрал, бүх хүч, буй бүхий туршлага, өөрийн бүхий л авъяасаа Семён Никитович маань эх орон, ард түмэн, Зөвлөлтийн уран зохиолд дуслыг ч үлдээлгүй зориулсан билээ.
Семён Никитович... төрөөд (“Залуугаараа редакцын босго алхсан” хэмээн гавъяат өвгөчүүлийн нэгнийх нь нүд хэлж байхад нөгөөгийнх нь “Цэрэг жадтай би үзгээ хослуулсан” хэмээн талийгаачийн шүлгийн үгсээр хариулмой.) ..09 онд анхны роман “Ган халхавч”-аа хэвлүүлэн бүх холбоотын шүүмж судлалын халуун дулаан үгсийг хүртэн, ЗСБНХУ-ын Зохиолчдын эвлэлд элсэн орсон юм.
Темин цааш нь үргэлжлүүлэн нас нөгчигчийн уран бүтээлийн замналыг бүтэн таван минут (Хоёр хуудас) урсгаад эцэст нь
 “Үүрд дурсана” хэмээн дуугаа чангалан андгайллаа.
Түүний дараа эртний найз Трощенко нь таягаа тулан гарч ирээд Семён Водоватав нь ямаршуу сайн нөхөр, гайхамшигт хүмүүн асан хийгээд, зохиол бүтээл дээрээ хичнээн идэвхтэй ажилладаг байсныг нь цацан цалгин дурслаа.
Трощенкогийн хэлсэн үг унагасан нулимс үхсэн нөхрөөсөө хоцорсондоо өршөөл эрсэн мэт санагдавч найз нь түрүүлэн үхсэнд баярласан өнгө аяндаа мэдрэгдэх авай. Царай муутай, залуумсаг найрагч хүүхэн Шонина эртний хийцийн сандлын түшлэгт урт хумсаа шигтгэж байгаад бурхан болоочид зориулсан бас л загвар муутайхан шүлгээ хэт хиймэл агаад залуумсаг өнгөөр уншиж гарав. Водоватав тэр хүүхнийг ил цагаан ивээлдээ авч, мөнгө зээлдүүлэн, сонин сэтгүүлийн газрууд руу утасддаг байсныг нь хүн бүхэн мэдэх тул түүний шүлгийг гайхах сэтгэл хэнд ч төрсөнгүй. Водоватавын авъяас хүн чанар хүнд хүчир ч энгийн бус жаргалтай амьдрал, гайхамшигт бүтээлүүд, дуусгаж амжаагүй төлөвлөгөөг нь ийнхүү удаан удаан дурсан эмгэнэвэй. Шарлын газрын ядуус “Бурхан бидэнд ийм оршуулга хайрлаасай” хэмээн залбирдгийн адил яах аргагүй дээд зэрэглэлтэй ёслол үргэлжилсээр...
Шарилын ширээг бүчсэн 150-иад хүн мөхөл, мөнхөрлийн энэрэлд хайлан, бурхан болоочийн дурсгалыг гүний хүндэтгэн, хотын эрхэмсэгүүдийн өрөвч цагаан гунигт туугдан, зөөлөн зөөлөн амьсгаалах ажгуу. Оршуулгын ёслолын хугацааг нарийн тооцсон хэдий ч илтгэгч нар улам улмаар нэмэгдэн, тэр ч бүү хэл уран зохиолын гомдол тайлалцах нь холгүй болов.
Бугалгандаа хар тууз уясан зургаа зургаан хүнтэй хүндэт харуул зургаа дахь удаагаа солигдохын алдад цугларагсад бугуйн цаг руугаа сэм сэмхнээр хялалзан, оршуулгын газраас хэзээ эргэх, оройн ажлын төлөвлөгөө нурах эсэхийн тааварт орооцолдон, танхимд багталгүй үүдэнд үлдээд тамхи татан аяархан дүнгэнэлдэх азтайчуудад атаархалын сэтгэл чулуудаж эхлэв.
Автобусны жолооч нарын нэг нь орж ирээд оршуулгын зохицуулагч, нийтлэлч Смильгинскийд дөхөн бүдүүлэг хар ажилны хоолойгоор хэзээ хөдлөхийг лавлах нь харагдав. Оршуулгын комиссын дарга, шинжлэх ухааныг хялбаршуулан дэлгэрүүлэгч,  соёо сахалт Завидович Темины зөвшөөрлөөр шарил өргөх залуусыг ойртон ирэхийг дохих үеэс хөдөлгөөнд орсон хүмүүсийн дундаас хоёр хүн Завидович руу дөхөн ирж нэг зүйлийг нууцлан учирлаж эхэллээ.
Албаны хувцастай, албаны царайтай арай залуухан нь нотариатын хүн гэж өөрийгөө таниулаад оршуулгын явдлын эцэст Водоватовын эцсийн захиаг хамт олонд нь уншин сонсгох гэрээслэлтэй гэдгээ хэлэн, дипломат цүнхээ онгойлгон гэрээслэлийн баталгаа гарган өглөө.
Хувцасны шүүгээнд удтал дарагснаас олон эвхээс суусан пиджактай хажууд нь зогсох өвгөн “Та хамаатан нь юм уу, өв залгамжлагч нарынх нь тоонд ордог уу” гэх асуултад “Үгүй ээ, би түүнтэй хамт Шексна руу загасчлахаар явдаг байсан найз нь. Энд тэнд хамт явахдаа элдвийн л юм хөөрөлддөг байлаа” хэмээн бувтнахдаа сэтгэл нь ихэд хөдөлсөн, бас хажуугаар нь өөртөө итгэлгүй байгаагаа нуухыг оролдох ажаам.
Темин тэдэн рүү очоод гэрээслэлийн баталгааг үзэнг Баранов Борис Петрович гэгдэх төр өвгөн хэрвээ Водоватовын эцсийн захиаг хамт олонд нь уншин сонсгож, эцсийн хүслийг нь биелүүлэх аваас зээлдүүлсэн 2000 рублиэсээ татгалзах болно гэснийг ойлголоо.
Темин тадгалзая гэвч чадсангүй. Тэгэх шалтаг ч олдсонгүй болохоор ЗСБНХУ-ын сүлдтэй улаан лацаар битүүмжилсэн зузаан шаравтар дугтуйг Барановт буцаан гардууллаа. Тэгээд урагш гаран зогсож,
Нөхөд өө, Семён Никитович биднийгээ дурсан нас барахынхаа өмнө эцсийн захиагаа бичиж үлдээжээ. Түүнийгээ уншин сонсгохыг өөрийнхөө дотны найз Борис Петрович Барановт даалгасан байна гээд ухран олны эгнээнд орлоо.
Өвгөн талийгаач руу эргэн харж салганасан гараараа мөрийг нь тайвшруулах мэт нэг илээд дугтуйны лацыг задлан захидлыг гаргаад нэг гараараа нүдний шилээ хамар дээрээ тохон аядаж, нугалсан захидлыг тэнийлгэн уртаар нэг амьсгаа авлаа. Тэгснээ тасалдангуй дуугаар уншиж эхэлсэн нь:
-“Бүгдийг чинь үзэн ядаж байна! Бүгдийг чинь! Ямарч авъасгүй муусайн шаарууд! Бурхан та нарт тохирсон ялыг чинь онооно доо.”
Танхимын агаарыг сорон авах адил хар ангал хага үсэрчихсэн мэт чимээ тасарч, алсын мухарын оюун бодол амь давчдан ёроолд нь унах болов. Бөөгнөрөн зогссон залуус ч сүүлийн хагас цаг хийсэн талийгаачийн уран бүтээлийн сая саяар тоологдох шагналын тооцоог тархинаасаа үлдэн хөөлөө.
Баранов өвгөний хөлс цаасан дээр под хийтэл дуслах нь сонсогдоно. Түүний сэтгэл нь шуудран, дуу нь чангаран, цааш уншсан нь:
-“Үхсэн нь энд би. Тиймээс би л өнөөдрийн гол хүн. Миний үгийг таслахгүй байхыг болгоож үз. Үхснийх нь эцсийн хүсэл зэрлэг хүмүүсийн дунд ч ариун байдаг юм. Хэнд ч захирагддаггүй та нарын бүдүүлэг зан энэ удаа амыг минь хааж чадахгүй гэдэгт найдаж байна. Хэдийгээр та нар худал, гүжир үгээ үхсэн хүний л хэлсэн болгодог зангаа хаяж чадахгүй ч гэсэн надаас өөр хэн ч та нарт үнэнийг чинь чангаар хэлж чадах юм бэ, хамт олон минь нүд нүдрүүгээ харцгаагаач.” Бүгд эвгүйцэж тэрхүү тушаалыг нь биелүүлэхгүй байх чадваргүйгээ ойлгов бололтой.
-“Худалдагдахгүй байхыг яасан их хүсэв ээ, нөхөд минь! Хэвлэх, зохиолч байхын тулд новш, худал хуурмагийг бичихгүй байхыг юутай ихийг хүсэв ээ. Та нарын хамгийн гайхалтай сайхнаар зохион байгуулдаг хурал цуглаан дээр чинь дуугүй байхгүй, худал хуурмагийг чинь бут цохихыг юутай их хүсэв ээ. Та нартай дуу дуугаа авалцан, өнгө хоршин улихгүй байхыг хичнээн их хүсдэг байв аа! Авъяасгүйг авъяастай болгон, авъяастайг гэмт хэрэгтэн болгодогтой чинь эвлэрэхгүйг яасан их мөрөөдөв өө!
Тийм ээ. Би та нарын тоглоомонд оролцсон. Яагаад гэвэл би ч гэсэн алдар суу, нэр хүндэд дуртай болохоор, юм бичихийг, зохиолч байхыг, нэр цуу, их мөнгө, албан тушаалыг хүсэж байжээ. Яагаад гэвэл надад эрч хүч байсан. Ухаан ч байсан. Бурхнаас заяасан авъяас ч байсан болохоор тэр. Надад авъаяс байсан болохоор танай утга зохиолыг удирдах тусгай газрын өөрсдийгөө агуу ихийн солиоролд оруулан бясаа адил түнтийсэн уяаны ноходоос илүү бичих чадалтай гэдгээ мэдэж байсан. Ард түмнийхээ шим шүүсийг сорон, аль авъяастай, аль л өөрсөдтэйгээ адилгүйг багалзуурдсан түшмэдийн агуу их солиоролд орсон минь тэр. Луйварчдын бүлэг, албан тушаалын хөлдүүсүүд, хулгайч, шамшигдуулагчдын зохиосон намын аль нэг тогтоол гармагц өчүүхэн тархиныхаа хэмжээгээр бүхий л арга хэлбэрээр үйлчлэн гүйх Социалист реализмын тэр махчин үлэг гүрвэлүүдийг би үзэн яднам. Нэгдсэн дүрэмтэй, нэгдсэн удирдлагатай төрийн машины орон тооны магтан дуулагч Зохиолчдын эвлэл байгуулна гэдэг юу гээчийн агуу их ухаан бэ. Уран бүтээлийн ордон гэдэг нь бүр ч гайхамшиг. Чамд энэ тасалгаа, ширээ, ор, хөтөвч өгье. Бас нарийн хуваарийн дагуу өдөрт дөрвөн удаа хооллоно. Орой нь кино үзүүлнэ. Ёо ёо! Цэргийн жагсаалаар алхуулж, өглөө оройд ЗХУ-ын сүлд дууллыг хангинуулахгүй байгаа нь их юм. Та нарын тэр холбоо, хороо, та нарын тэр нөхөр Маркин, та нарын тэр дүрэм, тусгай хоол, тусгай амралтыг би авсан дотроосоо нулимъя.”
Дараачийн хуудас шажигнан эргэв. Уншиж буй зүйлдээ хөтлөгдөөд өвгөний дуу улам чангарчээ. Загасанд явах бүрийдээ тэд ёстой л нэг сэтгэлээ нээлцэж, гашуун усаар гомдлоо тайлан, Баранов ч энэ үгсийг нь хамт олонд нь заавал хүргэхээр андгай тавьсан нь илэрхий байлаа.
Маркины нэрийг сонсоод Темин, Зайдович болон хэд хэдэн удирдах хүмүүсийн нүд сэртэс хийн аюулын дохио илгээлцэв. Залуусын бах нь ёстой л нэг ханаж байлаа. Бужигнаан эхлэхийн өмнө түүнийг таслан зогсоохоос аргагүй байдал бий болов. Цугласан олны дургүйцэл дээд цэгтээ хүрэв.
-“Энд уншигдаж буй зүйлийг ухаан саруулдаа бичсэн гэдгийг наториатын төлөөлөгч баталж, сэтгэл мэдрэлийн эмч нарын дүгнэлтийг гаргаж үзүүлнэ үү. Тэгэхгүй бол үүнийг маань өвчтэй хүний үхлийн өмнөх дэмийрэл гэж зүтгэх эрэмгийчүүд манайхны дунд байгааг би сайн мэдэж байна. Тэд бол энэ талаар мэргэшсэн хүмүүс.”
Бурхан болоочын шулам шиг сануулга удирдах нөхдийг ичээв бололтой. Өвгөний барьсан цаас руу Темин гараа сунгахыг завдсанаа бушуухан татаж аваад, юм хэлэх гээгүй дүр үзүүлэв. Авс өргөх үүрэгтэнгүүд дуу алдах нь сонсогдлоо.
-“Төр өөрөө зохион байгуулалтын гэмт хэргийн толгойн бүлэг болчихвол төрийн албадууд түүний их бие болно. Тэд мафийн зарчмаар амьдарна. Дубосеково тосгоныг хамгаалсан 28 пангфиловчууд шиг нэгэн хэсэг нь бялуунд хүрчихээд түүнийгээ улайран хамгаалж ахуйд, нөгөө хэсэг нь Гудерианы танкууд Москва руу дайрах мэт зүтгэнэ.”
-Энэ чинь одоо юу болоод байна аа. Александр Александрович аа. Та яагаад дуугүй зогсоод байгаа юм бэ? Улс төрийн өдөөн хатгалаг байна шүү дээ хэмээн хүүхдийн зохиолч Воробьева цухалдан хашгирахад Темин цэргийн дарга хүний захирангуй дуугаар:
-Нөхөд өө! Оршуулгын ажиллагаанд оролцох албан үүрэггүй хүмүүс гарч болно хэмээн хүнгэнэв. Уран зохиолын хэдэн молекул хаалга руу зүглэсэн боловч давсангүй. Уйдах аргагүй энэ сонин үйл явдлын эцсийг үзэхсэн гэхээс нүд нь гялалзан сонь нь буцлах бөлгөө.
Өвгөн цааш хадааж өгөв. –“Зохиолчид гэдэг бол ганцаардмал хүмүүс. Тэднийг холбож болохгүй. Зохиолч болгон өөрийн гэсэн үзэл бодол, арга барилтай байдаг. Хэрвээ тийм юмгүй бол тэр хүн зохиолч биш, эрээчигч. Хэрвээ намын батлах, намын сахилга нь намын тушаасныг л бичихээс өөрийн дагаж чадахгүй бол тэр бичсэнийгээ уран зохиол гэж бүү нэрлэ, намын суртал ухуулга гэж бод. Утга зохиолын ажил бол амтат боов биш, хэрээс юм байна гэдгийг би дэндүү оройтож ойлгосон юм. Тэр хэрээсрүү очих эр зориг надад байсангүй. Галзуугийн больниц, хорих лагерь, эрүүгийнхнийг дүүртэл чихсэн шоронд хийчих вий гэж айсан юм. Санаандгүй тохиолдлоор машинд дайруулчих ч юм уу, ажлаасаа хөөгдөөд дэлгүүрт ачигч хийхээсээ айдаг байлаа. За яаж байна? Миний авсыг өргөн явах үүрэг ноогдсон залуус хамгийн их баярлаж байна уу”
Бүх харц залуусруу чиглэж, залуусын нүд шаланд хадагджээ. Тэд эмгэнэлтэй дүр эсгэн дарга нарын нүүрэн дээр гэмгүй царайлах нь инээдтэй. Араар хэн нэгэн түс хийтэл ханиаснаа амаа гараараа тагласан мэт чимээгүй болов.
-“ Аль эртээс би танай энд амьдрахыг хүсэхээ больсон. Ойлгож байна уу? Хүсэхээ больсон!!! Канадын нам гүм хотхонд байнга сууж, басхүү Парис, Нью-Йоркт хэдэн жил өнгөрөөхийг Рим, Лондон, Токио, Рио Де Жанерог танай зохиолчдын эвлэлийн жуулчдын бүлэгтэй арав хоногийн хугацаанд л автобусны цонхоор бус, өөрийнхөө дур, тааваар үзэхийг мөрөөдөж явлаа. Тийм л юм бол яагаад яваагүй, зугтаагүй юм бэ гэж үү? Яагаад гэвэл бусадтай л нэгэн адил хамаатан саднаасаа болсон юм. Биднийг зугтан явчихвал “Амин хайртай” эх оронд минь барьцаа заавал үлддэг шүү дээ. Бүгд л эндээс дайжиж байхад харин тэндээс нааш гурван жилд ганц тагнуул оргон ирвэл бүр зурагтаар харуулна гээч.
Та нарын өгсөн албан тушаалтай чинь зуураалдахыг би хэзээ ч хүсэж байсангүй. Би ердөө л хүссэн болгоноо бичээд, бичсэн болгоноо уран бүтээлийн төлөөлөгчдөө явуулчихаад, түүнийг минь энд  тэнд хэвлүүлэх гэж зүдэрдгийг нь мэдэхгүй суухыг хүсдаг байлаа. Хэрвээ авахгүй бол шөнийн оёдлоор амь зогоож бичсэн номоо өөрийнхөө мөнгөөн тавхан зуун хувь хэвлүүлэхийг мөрөөдсөн хүн билээ би...”
Хэн нэгэн нь гүнээр сүүрс алдах нь сонсогдоод ахиад л нам гүм болов. –“Хэрэв хэлүүлэх гээд байгаа юм бол би танай хүн ердөө ч биш. Тийм ээ, эрт цагт би эвлэлийн дарга, редакцын намын үүрийн нарийн бичгийн дарга байлаа. Ард түмний дайсан, алуурчин эмч нарыг илчилдэг байлаа. Тэр үед би гэдэг хүн тархи нь гашилсан амьтан, нэг муу эрэг шураг л байж. Дараа нь ухаажин хэрсүү суусан гэсэн ч  бусдыг ухааруулах зориг минь дутжээ. Гэхдээ бүх юмыг ойлгож авсан юм шүү. Одоо бол би үхсэн. Над руу нулим л даа хамаагүй. Надтай цуг авслагдах номуудынхаа төлөө би таануусыг хэзээ ч өршөөхгүй. Таануусын урд гарч бөхөлзөн долигнож, ард гарч хошногыг чинь долооч байснаа ч гутамшиг гэж үзэхгүй. Уран бүтээлээ хэвлүүлэхэд тус болох хүмүүсийг хэдийгээр нэг нүдээрээ үзэж чадахгүй байвч тэдэнтэй найрсаг харьцаа тогтоохгүйгээр, наана цаана нь гарч гуйхгүйгээр аливаа юмыг бүтээж болоно гэж үү? Хэрвээ тэгээгүй сайхан хүн байх юм бол намайг авснаас минь гаргаад шидчихээч. За алив гаргаад шидчих! (Түр хүлээгээдэх)”
Сүүлчийн үгс байндаа туссангүй. Өвгөн Баранов шимтсэндээ ч юм уу, онгод нь орсондоо ч юм уу уншихаа зогсон түр хүлээсэнгүй. Угтаа бол тэрээр уншихаа түр зогсон танхим руу харж, зоргоор авирлах талийгчийг авснаас нь гаргаж шидэх тийм зоригтныг нүдээрээ хайх хэрэгтэй байсан биз.
-“Уг нь аваад шидчихмээр л байна” гэсэн зориггүйхэн бодол дарга нарын толгой дотор нууцгайхан эргэлдэнэ. Улайрсан Баранов энэ цаг үед нөхрийн сүүлчийн үгийг нэр төртэй биелүүлж чадлаа. Хоёр мянган рубль гэдэг бол тэтгэвэр авдаг хөгшчүүлд байтугай чамлагдахааргүй мөнгө.
-“Уран бүтээлийг яргалагч редакторууд, нэрээ нууцалдаг цензорууд, ДЯЯ, УХБ, Лубянкийн алуурчид та нарыг хараал идэг. Танай муусайн хоосон дэлгүүрүүд, гүнтэн шиг таргалсан бялдууч нар, таануусын боолын эрх чөлөө, үлэмжийн агуу худал хуурмаг чинь мөнхийн зүхэлд унаг.”
-“Бүр улс төр рүү орчихлоо шүү”, “Их хурлыг ч загнах нь л дээ”, “Үхсэн хүн л ингэж зүрхэлдэг аятайхан нийгэм юм даа”, “Алдах юмгүй болсон хойно арга байж уу” гэсэн шивнэлдээн олны дотор тэнүүчилнэ. Гэвч асар том алдах юм Вадоватавт байжээ.
-“Би таануусын дунд амьдарч, таануусын хийдгийг хийж, таануусын л адил ашиг хонжоо, алдар нэр горилж явлаа. Харин үхснийхээ дараа таануусын дунд хэвтэхийг даан ч хүсэхгүй байна. Хөшөө дурсгал, шинэхэн овоолсон шороон дээрх ёслолын үгс хэрэггүй. Худал хуурмаг хорвоогоос чинь бүр мөсөн холдоно. Өөрийнхөө ясыг анагаах ухааны нэгдүгээр хүрээлэнгийн анатомын театрт гэрээслэж байна. Зохиолчдын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга нөхөр Темин өнөөдрийн жүжиглэлийг найруулж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хөөе, тийм биз Сашок, тэнүүлчин минь. Чи арай зугтаж амжаагүй байна уу?...”
Теминий царай хүрэл цутгасан мэт хүрэн улаан болон хувирахад гарах хаалганы дэргэд зогссон хэсэг хүмүүс тас тас хөхрөлдөх нь сонсогдлоо.
-“Тус анатомын театраас араг ясныхаа үнэнд 150 рубль авсан гэсэн тодорхойлолтыг минь нотариатын газраар батлуулсан манай төрөл төрөгсдийн зөвшөөрлийн бичгийг Теминд гардуулж өгөхийг нотариатын төлөөлөгчөөс хүсье. Хаа хол руу, хөшөө чулуу руу минь, дуртай дургүй очиж байхын оронд зургийг минь харж суугаад, бичлэгийн минь шагналаар согтуурч байцгаа. Надад одоо ямар ч хэрэггүй хэлхээтэй яс минь анагаахын шинжлэх ухаанд бага ч гэсэн тус болог. Оршуулгын ёслол төгслөө. Ирсэн бүгдэд баярлалаа. Одоо харин бүгдээрээ эндээс тонилцгоо. Далан дөрвөн жил даанч их ядарлаа. Одоо таануусаас салж санаа нэг санаа амрах цаг боллоо.”
Өвгөн Баранов гэрээслэлийн захидлыг ормоор нь нугалан, дугтуйнд нь хийгээд, пиджакныхаа дотуур халаасанд шургуулж орхив.

Яахаа ч мэдэхгүй нам гүм хачин эвгүй байдал үүсч орхив. Таръя аа тарж болдоггүй. Байя аа байж болдоггүй. Энэ хачин явдал юу гээч болж төгсөхийг хэн ч таахын аргагүй болов. Баранов дотуур цамцныхаа шал нойтон захан дотуур алчуураа оруулж хүзүүгээ арчина. 

Үргэлжлэлийг Үндэсний Уран зохиол сэтгүүлээс уншаарай.

Орчуулсан Ж.Нэргүй 

Friday, October 4, 2013

Ц.Буянзаяа: МЗЭ бол утга зохиолын хөгжилд шууд
бус дам нөлөөтэй байгууллага


Монголын Зохиолчдын эвлэлийн XV их чуулган арваад хоногийн өмнө болж тус байгууллагын Удирдах зөвлөлийн даргаар зохиолч Ц.Буянзаяаг сонгосон билээ.  Тэрбээр албаа хүлээн авснаасаа хойш хэвлэлд хараахан ярилцлага, нийтлэл өгөөгүй байсан юм. Ингээд манай сэтгүүлчийн өрнүүлсэн ярилцлагыг хүргэж байна. 
-МЗЭ-ийн Удирдах зөвлөл ямар байдлаар ажилладаг талаар надад тодорхой төсөөлөл алга. Магадгүй өмнө нь Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа тодорхой хөтөлбөргүй, түүнээсээ болж юу ч хийгээгүй нэр зүүдэг, ерөөсөө гүйцэтгэх захирлынхаа автор дор л явдаг байсан юм болов уу гэж бодсон.   

-Зохиолчдын Эвлэлийн Удирдах зөвлөл нь долоон төвөөс сонгогдсон гишүүдээс бүрддэг. Гишүүд нь утга зохиолын төрөл зүйлүүдийг нэг түвшинд авч явуулахын тулд яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг кино тэргүүтэй төвүүдээ төлөөлдөг. Удирдах зөвлөлийн даргаа оролцуулаад 15 хүний бүрэлдэхүүнтэй баг юм. Энэ баг юу хийдэг вэ гэхээр байгууллагын дөрвөн жилийн хугацаанд явуулах үйл ажиллагаа, бодлого чиглэл, хандлагыг тодорхойлж ирдэг. Харин гүйцэтгэх захирал хүн бол Удирдах зөвлөлийнхөө баталсан үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангаж ажиллах үүрэгтэй. Эргээд Удирдах зөвлөлийг баталсан хөтөлбөрийнх нь хэрэгжилтээр ажлыг нь дүгнэх ёстой.

-Энэ удаагийн Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх нь шинэ хүмүүс байна. Даргалж байгаагийн хувьд тэдэнтэй хэрхэн ажиллах вэ?

-МЗЭ-ийн энэ удаагийн XV чуулганаас сонгогдсон гишүүдийн 80 орчим хувь нь шинэ гишүүд. Гэхдээ ямар гишүүд байхаасаа илүү ямар хөтөлбөр, ажил хэрэгжүүлэх нь утга зохиолын салбарт, энэ байгууллагын хувьд чухал болов уу. Миний хувьд ирэх дөрвөн жилд хийх ажлынхаа чиглэлийг тодорхойлсон. МЗЭ-ийн үйл ажиллагааны шинэтгэлийн гурван шатлалт хөтөлбөрийг боловсруулаад эхний хэлэлцүүлгээ хийлээ. Товч дурдвал, нэгдүгээрт үйл ажиллагааны шинэтгэлийн хувьд ямар ажил хийх тухай хоёрдугаарт, хөрөнгө оруулалт, санхүүгийг асуудлыг яаж шийдэх талаар, гуравдугаарт, байгууллагын зохион байгуулалтын ажлыг ямар байдлаар явуулах вэ гэсэн ийм гурван асуудал бүхий хөтөлбөр байна.

Энэ хөтөлбөрийг ойрын өдрүүдэд эцэслэн хэлэлцэж, батлах юм. Улмаар ирэх дөрвөн жилд энэ хөтөлбөр хэр биелэснээс шалтгаалж бидний ажлыг нийт гишүүд маань дүгнэх учиртай болж ирнэ. Товчхондоо хөтөлбөр байгаа цагт, гэнэт нэг нөхөр гарч ирээд “Зохиолчдын эвлэл ийм, тийм юм хийсэнгүй. Тиймээс тэд юу ч хийгээгүй” гэхчлэн ярихгүй байх нөхцөл бүрдэнэ.

-Та  энэ байгууллагын Удирдах зөвлөлийн даргаар сонгогдоод хэсэг чимээгүй байлаа. Өчигдөрхөн фэйсбүүкдээ энэ байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд бодит, орчин үеийн шаардлагад нийцсэн ажлууд хийхээ мэдэгдсэн. Тухайлбал, Уран зохиолын номын дэлгүүр байгуулна гэж хэлэхийг чинь сонсоод номонд дурлагч хүний хувьд тун баярлаж суулаа. Энэ мэт ажлууд олон бий биз? 

-Зохиолчдын Эвлэлийн үйл ажиллагааг шинэчлэх олон ажил хөтөлбөрт тусгагдсан. Ядаж л байгууллагынхаа цахим хуудсыг ойрын хугацаанд цогцоор нь шинэчилье. Дэлхийн улс орнуудын зохиолчдын байгууллагын жишигт хүргэе. Бид өөрсдөө болоод байна гээд нэг хуучимсаг юм ажиллуулахаа болих хэрэгтэй. Веб сайтаа монгол хэл дээр идэвхтэй ажиллуулж, гадаад хэл дээр тодорхой орчны мэдээлэл өгчихөөр түвшинд хүргэх шаардлагатай болж. Цаашлаад уран зохиолын хөгжилд ер нь юу чухал юм бэ гээд аваад үзэхээр утга зохиолын судалгаа, шинжилгээний ажлууд байдаг. Тиймээс мэргэжлийн судлаачдын дунд эрдэм шинжилгээний ажил зарлах хэрэгтэй болно. Жилд нэг удаа ч юм уу. Ийм ажлыг сар болгон хийгээд байна гэж юу байхав. Үүний дараа уншигч, зохиолч хоёрын амьд харилцааг дахин бий болгомоор байна. Өмнө нь зохиолч уншигчдыг уулзуулдаг байсан. Тийм уулзалтуудыг шинэ түвшинд хүргэж чадна гэж бодож байгаа. Мөн үйл ажиллагааны чиглэлийн хувьд залуу зохиолчдыг дэмжсэн нээлттэй хаалганы өдрийг сэргээнэ. Монгол уран зохиолд голлох үүрэгтэй энэ байгууллагын хувьд үүнийг хийх ёстой ажил гэж үзэх байна. Ер нь бол “Болор цом”, “Утгын чимэг” наадмуудыг ч бас шинэчлэхээс аргагүй. Жил жилийн энэ наадмууд зохион байгуулалт, бас бус зүйлээс шалтгаалсан маргаанаас болж элдэв хор найруулсан тухай хэл ам гардаг. Дагаад зохиолчдын байгууллагын нэр хүнд унадаг шүү дээ.

-Та Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлд өмнө ажиллаж байсан. Хувь уран бүтээлдээ анхаарч, нэг хэсэг завсардсан байх. Ер нь МЗЭ-д тухайн үед та ямар ажил хийсэн бэ? 


-2001-2005 он хүртэл би Зохиолчдын эвлэлд Бодлого зохицуулалтын албаны дарга гэсэн албан тушаалтай ажилласан. Ингээд ажиллаж байхдаа тодорхой өөрчлөлт хийнэ л гэж зүтгэж, үр дүнд хүргэсэн. Өнөөдөр тэр бүхнийг ярьвал маш их цаг орох нь ээ. Гэхдээ бид ямар ч байсан тэр үед уран зохиолын унтаа байдлыг сэрээсэн гэдгийг хүмүүс мэдэж байгаа.

-Уран зохиолын унтаа байдлыг сэрээсэн гэлээ. Гэтэл түүнээс хойш МЗЭ өөрөө унтаа байдалд шилжчихсэн юм биш үү?

-Ямар байсныг мэдэх хүмүүс нь мэдэж байгаа. 2000 он хавьцаа энэ байгууллага хөрөнгө санхүүгийн хувьд мөхөж, үйл ажиллагаа нь уралдаан, тэмцээнээс өөр зүйлгүй болчихсон байсан. Бид гарч ирж уран зохиолын төрлүүдийг жигд хөгжүүлье, цөөн хүн тойрсон харилцаанаас нь гаргая гэж хэлсэн. Өнөөдөр магадгүй хүмүүс юу ч болоогүй юм шиг л бодож л байгаа байх. Гэхдээ тэр үед МЗЭ ганцхан бичгийн машинтай, ямар ч орчин үеийн харилцааны технологигүй. Байшин нь үл хөдлөхийн гэрчилгээгүй, газар нь баталгаагүй тийм л байсан.

-Одоо бол нөхцөл байдал тэр үеийнхээс арай дээрдсэн гэж үзэх үү. Бүх зүйл нь сайхан цэлмээд ирсэн гэж хэлэхгүй л байх даа.

-Тэгж хэлэхгүй. Өмнөх үйл явдлыг нэг их ярьмааргүй байна. Зохиолчдын эвлэлийн байгууллагад би тухайн үед гурван чиглэлээр ажил хийчихээд гарсан. Нэгдүгээрт , энэ байгууллагын оршин тогтнох статус нь болсон Төрийн бус байгууллагынх нь хэв шинжийг тогтоож өгөх, түүнд харъяалагдах өмч хөрөнгийг нь баталгаажуулах. Хоёрдугаарт, энэ байгууллагыг орчин үеийн харилцаанд оруулах, гуравдугаарт, утга зохиолын төрөл зүйлүүдийг жигд авч үзэх гэсэн энэ ажлуудад л анхаарч, тодорхой үр дүнд хүргэчихээд гарч байсан. Харин өнөөдөр МЗЭ-ийг үгүйсгэж, элдвээр хэлж байгаа олон уран бүтээлч яг тэр үед бидний үйл ажиллагааны үр шимээр л нийтэд танигдаж эхэлсэн юм даа. “Болор цом”-ын эздээс өөр хэнийг ч мэддэггүй тийм нийгэмд бид шинэ яруу найрагчид, хүүрнэл зохиолчид, судлаач, шүүмжлэгч, оруулагчдыг танилцуулж эхэлсэн. Монголын утга зохиолын үнэлэмжийг дээшлүүлэх гэж ажилласан тийм үйл ажиллагааны дараа манай уран зохиолд батганы мөрийн чимээгүй байсан олон хүн уран бүтээлч гэж гарч ирсэн юм. Өнөөдөр тэгээд тэр бүхнийг мартчихаад “Зохиолчдын эвлэл юу ч хийгээгүй” гэж ярьж байгаа нь өрөвдөлтэй. Хамгийн гол нь яг мянган шилжээд удаагүй тэр үед бараг л мөхөж байсан байгууллагыг идэр залуухан бидний хэсэг нөхөд нэгдэн, дахин хөл дээр нь босгосон. Түүнээс хойш бол сайнтай муутай хэлүүлсээр өдийг хүрлээ. Харин одоо бол дахин энэ байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх шаардлагатай болжээ. Орчин үеийн шаардлага бас бус олон зүйл бий болчихож. Энэ цагийн шаардлагад нийцсэн ажил хэрхэн явуулах нь л одоо чухал.

-Тийм шүү, одоо улирсан зүйл асуухаа больё.

-Өнгөрсөн рүү нэг их ормооргүй байна. Харин өнөөдийн тухайд ярина гэвэл өөр зүйл хэлмээр байна. Тийм л учраас би хөтөлбөр барьж ажиллах гээд байна. Мэдээж хөтөлбөр нь бодит ажил хэрэг болохуйц, хэрэгжих боломжтой зүйл байх учиртай. Хүн болгоны хүсэлтийг биелүүлэх боломж бололцоо байхгүй шүү дээ. Зохиолчдоос ер нь их сонин сонин хүсэлт гардаг юм. Нийт зохиолчдынхоо нийгмийн даатгалын асуудлыг шийдье, эмнэлгүүдэд хөнгөлттэй бөгөөд үнэгүй эмчлүүлмээр байна гэдэг ч юм уу. Энэ бүгд тус тусдаа нийгмийн асуудлууд. Алийг нь ч Зохиолчдын эвлэлийн байгууллага хийж чадахгүй.

-МЗЭ-ийн байгууллагад гишүүнчлэлтэй хэдэн зуун хүний нийгмийн асуудлыг шийдэх боломж байхгүйг мэдсээр байж илүү зүйл хүсдэг нь энэ байгууллагынхаа нэр хүндийг унагаах гэсэн хүмүүсийн үйлдэл үү. Магадгүй МЗЭ нэр хүндгүй, үлбэгэр байх нь зарим хүнд ашигтай юм болов уу?


-Яахав дээ, нэг хэн нэгнийг дээрлэхээд, өнөөх нь дээрлэхүүлээд сурчихаар улам давраад байдаг хүний зан байдаг. Түүн шиг муу л бол хойд хар овоохой гэгчээр, Зохиолчдын эвлэлийг муучлан гутаах хандлага бол элбэг байгаа. Гэхдээ нэг зүйлийг бодох хэрэгтэй. Монгол Улсад хэчнээн төрийн бус байгууллага байгаа билээ. Тэр дунд яг амьд үйл ажиллагаатай нь хэд байна. Зохиолчдын эвлэл бол тэр дундаас амьд, үйл ажиллагаатай цөөн хэдэн байгууллагын нэг. Утга зохиолд оролцоотой хүмүүс ихэнх нь хэвлэл мэдээллийн салбарт ажилладгаас л хамаарч энэ их шүүмжлэлийн тухай ярихаас аргагүй болчихож. Гэхдээ энэ нийгмийн хамгийн жигшүүрт, бузар булайгийн жишээ байгууллага бол биш гэж бодож байна. Нийгмийн жигшүүрт жишээ болсон олон байгууллага байгаа. Энэ муу жижигхэн төрийн бус байгууллага байтугай төрийн байгууллагууд нь тийм жишээнд нэрлэгдэж байна шүү дээ.

-Зохиолчдын байгууллагын гадаад харилцаа ер нь ямар байдалтай явах ёстой юм бэ. Сүүлд яруу найрагч Б.Галсансүх олон улсын яруу найргийн фестивальд оролцоод ирсэн тухайгаа бичсэн байсан. Бид олон улсын хэмжээнд зохиодог нэр хүндтэй наадамтай болох ёстой гэж.

-Гадаад харилцаа гээч зүйл үнэндээ өргөн хүрээнд мөртлөө маш энгийн явагддаг. АНУ-д л гэхэд утга зохиолын салбарын 600 гаруй байгууллага байна. Тэд уран зохиол сурталчлах, улс хоорондоо харилцан аялах зэрэг тогтсон харилцаанууд явуулдаг. Олон улсын ийм жишгийн дагуу л бид гадаад харилцаагаа явуулна. Энэ тал дээр би хоёр үндсэн чиглэл баримтална. Нэгдүгээрт, гадагшаа хэрхэн харьцах вэ. Ойлгомжтой, Зохиолчдын эвлэлийн ажлын аппаратанд гадаад харилцааны чиглэлээр дагнасан ажилтантай болно. Нэг ёсондоо гадаад улс орнуудын уран зохиолын байгууллагуудтай байнга захидал, шуудангаар харилцаж, арга хэмжээнүүдэд оролцох талаар хөөцөлдөж байдаг тийм мэргэжилтэн байх юм. Хоёрдугаарт, гадаадын уран зохиолын зах зээлээс дэмжлэг авахын тулд сайн дурын ажилтан авч ажиллуулна гэж бодож байгаа. Бид гадаадын уран зохиолын байгууллагуудтай хамтарч ажиллах гээд хангалттай харилцаа тогтоож чадахгүй байна. Гэтэл түүгээр мэргэшсэн ажилтнууд байдаг. Монголын олон төрийн бус байгууллага тийм хүмүүсээр дамжуулж гадаад харилцааныхаа асуудлыг шийддэг. Тийм сайн дурын ажилтан нэг их зардал шаардахгүй л дээ. Монголд амьдарч байгаа иргэдийн дундаж цалингаар цалинжаад амьдардаг. Энэ бол гадагшаа чиглэсэн үйл ажиллагааны гол хэсэг нь. Энэ ажиллагааны үр дүнд цаашид гадаад харилцааны ямар шинэ ажлууд хийхээ тодорхойлно. Түүнээс биш учиргүй санаанд орсон ажлаа цаасан дээр бичээд, бүтэх бүтэхгүй юмны хойноос хөөцөлдөөд байх цаг алга. Өөрийн чинь хэлснээр олон улсын нэр хүндтэй наадам зохион байгуулах ажлыг ч бас санаачилна.

-Наадам гэснээс “Болор цом”-ыг яах вэ.Та өөрөө энэ наадам хэмээх уралдаанд оролцоод байдаггүй хүн. Үүнийг энэ жилээс зохион байгуулахаа больчихвол яадаг юм.

-Ямар ч байсан үүнийг шийдэхийн тулд Удирдах зөвлөлийн түвшинд ярина. Хамтын удирдлагын системтэй учраас ингэж ярилцахаас аргагүй. Мөн Зохиолчдын эвлэлийн нийт гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулна. Үнэхээр энэ “Болор цом” гээч зүйл бидэнд хэрэгтэй юм уу, үгүй юм уу гэдгийг асууна. Эндээс тодорхой шийдэл харагдана л даа. Мөн хувийн зүгээс бодож байгаа зүйл юу гэхээр үнэхээр “Болор цом”-ыг уламжлалт зүйл юм гээд хадгаллаа гэхэд шинэтгэх шаардлагатай. Уралдааны сэтгэхүйнээс нь салгах нь нэн тэргүүний ажил. “Болор цом”-ын эзэн гэдэг ойлголт нь өөрөө хэрүүлийн алим таллах гол нөхцөл нь болдог. Энэ наадмыг энгийн сайхан яруу найргийн уншлага болгоод үнэхээр уянгын болоод бусад хэв жанрын шүлгүүдийг нь тодруулж хүндэтгэл үзүүлбэл болохгүй гэсэн зүйл байхгүй. Түрүүн хэлснээр Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөл ярьж шийдээд, нийтэд мэдээлэх байх. Тэр үед л “Болор цом”-ын тухай ярьж болно.

-Дөрвөн жилийн дараа таны ажил дүгнэгдэх юм байна. Одоо бол та тун ажил хэрэгч өнгө аястай зүйл ярьж байна. 


-Ажил хэрэгчээр хандахаас аргагүй. Хувь зохиолчийн хандлагаар ажилд хандаж болохгүй. Уран бүтээлч хүн уран бүтээлээрээ л энэ улсын хэл утга зохиолыг хөгжүүлэх ёстой. Ер нь уран зохиолыг уран бүтээлч хүн л хөгжүүлдэг. Нэг сайн зохиол бичиж байж л уран зохиолыг тодорхой алхам урагшлуулдаг. Түүнээс биш нэг байгууллага бодлого шийдвэр яриад яваад байх нь уран зохиолын хөгжлийн дан ганц хөдөлгүүр болж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Зохиолчдын байгууллага бол сайн дураараа нэгдсэн зохиолчдын нийтлэг эрх ашгийг хамгаалж, нийтлэг хүсэл сонирхолыг нэгтгэдэг байгууллага. Магадгүй сайн зохиолч энэ байгууллагатай хутгалдаад байх шаардлагагүй л юм л даа. Гэхдээ хүн гэдэг амьтан чинь дангаараа байхаас гадна нийтийн орчинд байх хэрэгтэй. Тэгэхээр Зохиолчдын эвлэл бол тэр нийтийн орчин нь юм. Товчхондоо эвлэл бол Монголын уран зохиолын хөгжилд шууд бус дам нөлөөтэй.

-Манай зохиолчдын олонх нь Монголын урлагийг урагш нь хөтлөх тэр бүтээлээ хийхгүй яваад байна уу гэж би заримдаа боддог. Нэг тийм хэвшмэл дүр төрх бий шүү дээ, архи дарсанд дуртай, омогтой, ойлгомжгүй зүйл ярьсан хүмүүс л зохиолч болж таараад байдаг тухай. Ийм муухай хэвшмэл хандлагыг өөрчилж болох уу. Зохиолчдын эвлэл ийм төсөөллийг нийгмээс үлдэн хөөх үүрэгтэй байгууллага биш байх л даа.

-Мэдэхгүй юм. МЗЭ зохиолчдынхоо нэрийг хүндийг нийгмийн өмнө өндөрт өргөж, цэвэр болгоно гэж хэлж чадахгүй. Ерөөсөө би их олон удаа хэлсэн. Зохиолчид өөрсдөө хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж уран зохиол, байгууллага маань шинэчлэгдэнэ. Өөрсдөө тэр хэвшмэл балиар ойлголт төрүүлсэн хандлагаараа уран зохиолд хандаад байвал нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Магадгүй тэдэнд ухамсарын нэг дэвшил гарч, өөрсдөө өнөөх муухай хэвшмэл дүр төрхтнүүдийн нэг нь би биш шүү гэж өөрийгөө татаж авбал юу юм бэ гэхээс. За тэгээд ажиглаад байхад манай зохиолчид өөрөө өөрсдийгөө тэгж бичээд байдаг юм. Гал тогооны доторх муу муухайгаа дэлгээд байдаг илүү зан харагддаг. Гэхдээ өнөөдөр маш олон хүн үүнийг ойлгоод, ийм байдлаас татгалзчихсан явж байгаа. Одоо бол хэн хүнгүй зохиолчдынхоо эрүүл саруул хэсгийг нь, жинхэнэ туурвил, бүтээлийг нь олж харах хэрэгтэй юм л даа. 

Т.Есөн-Эрдэнэ
- See more at: http://review.time.mn/content/35379.shtml#sthash.6JOtYL5g.dpuf

Saturday, September 14, 2013

Inkheart


With your inkwell you safeguard my heart,
and you say that while you live, this ink
will write about love.
With your inkwell you block out my heart,
and while you live,
you will seek loving memories...


Translated by 
Simon Wickham Smith
Бэхэнзүрхт

Бэхийн савандаа чи зүрхийг минь даршилж хадгалаад
Бүх л амьдралынхаа турш тэр бэхээр хайрын тухай бичнэ хэмээсэн
Бэхийн савандаа чи зүрхийг минь таглаж мартаад
Бүх л амьдралынхаа турш хайр дурлал хэмээгчийг хайсан....
2010

Tuesday, June 4, 2013

Энэ гоо үзэсгэлэнд нэг эргэлзээ байна




Энэ гоо үзэсгэлэнд нэг л 
Эргэлзээ байна
Эрхгүй яарч дурлахдаа бид
Тэр тухай эргэцүүлж амждаггүй
Гоо үзэсгэлэн бол хугацааны дур булаам мэнгэ учраас
Уруулаа хүргэх гэж яарах нь аз жаргал эсвэл гунигт төгсгөл рүү
Алгуур өгсүүлж, алсад үддэг, гоо үзэсгэлэн үлддэг
Амьдрал эцэстээ тэр мэнгийг эгмэндээ нуун инээмсэглэдэг
Энэ гоо үзэсгэлэнг ажихад төрсөн
Эргэлзээг тайлах гэж хэчнээн бодоод ч
Саран галбирт орь санааширлаас өөр
Сатаарч анзаарагдах нь үгүй ажээ
Анир гүн, уруул норгох эгшнээрээ 
Эргэлзээг мартуулах увдист энэ гоо үзэсгэлэн
Хаанчлах хүсэлдээ хэчнээн эрдсэн ч
Хаалга тогших эргэлзээ бүрт хариулт хэлж чаддаггүй юм
2013.1 сар









Sunday, May 12, 2013

Дээд мандлын лавиран


Огторгуйн чинад дахь харшид
Оюуны даяанчаар суусан
Тэнгэрлэг найрагчийн лавиран дахь
Тэргүүн ихэмсэг бүсгүй минь

Цэнхэр үдшийн бороо биш
зөвхөн чиний үгнээс
Цэцгийн үнэр ханхалдаг
цээжинд яруу сэтгэлд гэгээхэн
цэвэр инээд солонгорч
цаглашгүй оюун санааны талбарт
цагаан барааныг сүлдэг

Бидэрт орчлонгийн хязгаарт
биднийг ингэж суусан цагт
бараан гэж байхгүй ээ
Цагаан дундуур туучна.

Г.Ишхүү 2005 он. “Цагаан дундуур туучна” номоос...