Wednesday, November 30, 2011

Пегасос




Ийм хүчит аянгыг
Цавчлах туурай чинь л үүсгэжээ
Ийм сүрт далавчаараа чи
Мөрөөдлийн минь орон зайд шуурга дэгдээ
Би тэр чигээрээ мөрөөдөл юм
Цаг хугацаанаас эмээгч мөрөөдөл юм
Хөлөг баатарын тухай үлгэр бүрт уусагч
Хүүхэд хэвээрээ мөрөөдөл юм
Зэс бамбай, хүрэл дуулга минь
Зэв, мөгөөнцөрт идэгдэх энэ зууныг
Чиний авчрах галаас өөр
Өөрчлөх хүчин үгүй гэдэгт би итгэдэг
Урьтал болгох хоосон хүсэл тачаал бүрээ
Урдаа байгаа хуучин сонинг
Урж хаяад хаалга өшиглөн гарах шиг
Ухаарлаас дэндүү эрчит ойлгохуйг чи мэдрүүлээч
“Тогтож хайрла” домог минь
Дотор луу минь шагайхдаа
Доромж нүдээр харж, тавлаж
Хэнхдэгээ хага ярах өдрүүдэд минь цэг тавиач чи.

Friday, November 11, 2011

Бичихийг хүссэн...



Хэн бүхний талаар хамгийн сайхнаар төсөөлж явсан бодлыг минь
Хэмхчиж зүрхлэх түүний дотор луу шагайх завдал өгөөгүй
Онгорхой хаалга, ундуй сундуй эд юмсыг санагдуулам сэтгэлтнүүд л
Одоо надад хамгийн ойр байгаа учраас би явмаар байна
Үдэн гаргах хэн ч үгүй өртөөг зорихдоо
Өврөө тэмтэрч шүдэнз хайж мунгинахдаа
Үүргэвч л хамгийн ихээр надад зохих хэрэгсэл гэдгийг мэдэрч
Өглөө, орой, үдэш хэмээгдэгч орон зайн хэмжүүрүүдийг мартаад алхав
Гандмал шаргал өнгөөр дүрсжүүлсэн тэр дуун (цахлай)
Гадаах амьдралаас тэрс зөрүүтэйг мэдэрч
Түргэн хоолны мухлагын худалдагч эмэгтэйн
Түргэн занд нэрвэгдэж эргээд л өртөөндөө ирэв би
Явах л ёстойг минь хэлээд буй юмс бүхэн
Хүрч чадах төгсгөлийн тэндээс хэрхэн хашгирахыг минь
Харж, тааварласан учраас намайг зоригжуулж байна
Харин би үүнийг яаж ойлгож, цааш хэрхэн алхах вэ.