Friday, March 9, 2012

Жинхэнэ яруу найрагчид зориулав


Ай! яаж ингэж дүрэлзэн омогшихыг
Аргил өнгөт хоолой чинь улам тодотгоно вэ
Үл цуцах эрч хүч унтарч гудайшгүй ааш аяг чинь
Хүлцэн тэвчих их төлөв, илт онцгой ажээ
Заналт шуурганд уруудагч хүн сүргийн дунд сөрөн зогсож
Зангуу мэт цээжиндээ баруун гараа авч далбаа мэт өргөхийг
Газарт буусан дагинасын эрэлхэг хөвгүүд чамд заав уу
Гарцаагүй тэдний нэг нь чи л өөрөө байв уу
Ай! Яаж ийм бүхнийг анирдуулах омогт харцтай төрөө вэ чи
Алга ташилт мэт харь ёрлолоос ангид оршиж чадна вэ чи
Унтаа хотын сүйрэл мэт ужиг энэ ертөнцийг
Ухаарах гэж ийн амьдрав уу, ухааруулах гэж ингэж тэмцэв үү
Сөнөсөн цамхагийн багана мэт хүндлэгдэх цогцосыг чинь
Сая живаа хэсэгт хувааж шүтэн муйхарлах хүн төрөлхтөнд зориулж
Өмнөөс чинь өршөөлийн үг хэлтэллээ баатар минь
Өгүүлэх минь шүлэг мэт санагдахаас урьтаж өөрийгөө би өөрөөсөө нууя
2012

Thursday, March 1, 2012

Харанхуйн дуулал


Хамгийн хүсэмжит жимс гүзээлзгэнээс цус дуслах аж
Хашгирч чаддаг энэ л ганц өнгө харанхуйг мөрөөддөгөө хэлээд байна
Хумсаа мэрж буй шаргал үст гоо охины харц мэт харанхуй
Хуурмаг үнэнийг илэрхийлсээр оршихуйн он дарааллыг балартуулахад
Махчин цэцэгс мэт хүн төрөлхтөн харанхуйг
Хамаг нүгэлтэйгээ хамт мартсан дүр үзүүлэн
Нарлаж буй хоригдлууд мэт гэмгүй царайлж алхлаач
Марталт гэдэг зөвхөн энэ өдрийн үдийн цай мэт хором ажээ. Гэвч
Үл гээгдэх үес мөчүүд дурсамжийн тэнгисийн цаад эргээс
Үлдэн хоцорсон гомдлоороо ус цавчлан наашилж
Хадан цохио хэлтлэн нүүлгэх мэт нэхэл хатуу ширтэхэд
Харанхуйн дуулал хэт гүнээс сонстож, нар атгахаар тэнгэр өөд цуурайтна.
2011

Жич. Дахин ийм dark шүлэг бичихгүй гэдгээ албан бусаар амлав би...