Wednesday, March 30, 2011

Эгэл байх шалтгаан


Өлгий сандал, савлуурын хүслэн болсон
Өнөөдрийн тухай маргааш бодож шаналагч аав нь байна аа
Ээж шигээ шонтгор хамартай ч эцэг шигээ бүлцгэр нүдтэй хүү минь
Эв дүйгүйхэн үнэг хайчлагч аавынхаа эгэл байх шалтгаан юм чи
18-ны өдөр авч амжаагүй тоглоомон цэргүүд, танк, туг
28-нд авч өгч чадах гар шиг чинь жижигхэн машины цуглуулгууд
Эгэл байх шалтгаантай аавд чинь
Ээжид чинь бий. Хүү минь
Эртний домог, туульсд шохоорхон дурлаж
Илдний сайныг барих юм чи
Эр зориг ханхалдаг манцуйгаа тайлж
“Ээж ээ дүүтэй болъе” хэмээх юм чи.

Sunday, March 20, 2011

Их хотын их чимээнд зориулав...



Айзам, эгшгийн найрсал
Алгуурхнаар зүрхийг минь илбэдэг
Контра-басс дүнгэх мэт анирдан
Кофегоо үлээж, тамхиа сорном би
Их хотын хөгжим ингэж эхэлдэг
Эхлэхийг нь хүлээн би инээмсэглэдэг
Гудамжны тэртээд эмэгтэй хоолой часхийн гоцлоход
Хэдэн арван ноход уралдан боргож зөрчилдөн
Хийлийн эгшиг, гитарын ритм цохилт мэт эсрэгцэж
Хэмнэл үүсгэж өргөнө
Дэвсгэр өнгө нэхэх мэт тэр их зөрчилдөөнийг
Дэр модоо тэгнэх галт тэрэг зөөллөх ажээ.
Орвонгоороо эргэсэн мэт нам гүм эхлэхийн өмнө
Орчлонг хараагч тэр минь хашгирна
Орвонгоороо эргэсэн мэт нам гүм эхлэхэд
Орчлонг харааж ханасан тэр минь тайвширна
Чамаас олж сонссон аяз бүрээ би
Чандалж нууцлахгүй бол галзуурна гэдгээ мэдэрдэг
Чамаас олж сонссон аяз бүрээ би

Чагталж хадгалж явнам. Чамд л зориулж чагталнам...
2011.03.20 Зөөлөн-д

Tuesday, March 15, 2011

РОМАНС


Нөмөрт шатнаа гутлаа дэрлэн унтахуйд
Нөгөө ертөнц шатны хонгилд исгэрнэ

Алдах юмгүй амьдралыг сонгосон

Айдасгүй эрийн бие хонгио мэт хэвтэнэ

Урин цагийн үнэр анхны бороотой нэвт мэдрэгдэхэд

Унтаад сэрээгүй түүний зүрхэн тушаа сарнай дэлбээлнэ
Т.Есөн-Эрдэнэ

Sunday, March 13, 2011

Твист


Гялалзах өлмий чинь өвдөгтэйгээ зөрж найгаад
Ганцхан хоромд бүсгүйн хормой үл ялиг дэрвэхэд
Алив, алив твист... гэж хэлмээр байна
Хүрэмээ тайл. Залуу минь. Цамцаа задгайл...
Сэтгэл татам айлгүйтэл, нүдээ ирмэхүй
Сэрэмж алдуулж, зүрх догдлоогоод
Хаяа энэ хөгжмийг сонсох хачин зугаатай байдаг
Хачин ихээр баясах минь хаалга, цонхыг савлуулж байна
Саксфонн эгшиглэтэл нэгэн жигд хөдлө, хөлөр
Санаанд чинь юу орж байна, надад хамаагүй
Гол нь твист, голдоо ортол твист
Гоонь эр минь, үзэсгэлэнт бүсгүй минь...
2011.03.13