Мэргэн буудагч гоо бүсгүй
Миний дуртай цамхаг дээрээс намайг намнах мэт
Амьдрах дур хүсэл улам төрөх энэ хаврыг
Албан өрөөндөө суун хүлээж байна би
Онилон харах нүдээрээ алхааг минь тооцоолж
Огцом хөдөлгөөн хийвэл дор нь нам буудахаар
Бэлтгэгдсэн тэр бууч бүсгүйн нүд шиг хурц тод хаврыг
Бичгийн ширээндээ суун ар шилээрээ мэдэрнэм
Нахиалах цэцэг шиг эмзэг гохондоо зөөлнөөр хүрч
Нарийн туяхан хуруундаа бөгж зүүх тухай түүний мөрөөдөл мэт
Гэгэлгэн хавар цонхны цаанаас гэтэн ирж
Гэнэт нуруунаас минь тэврэх мэт төөнөж байна
Хамгийн хүсэмжит үхлийг надад бэлэглэх тэр бүсгүйн
Харц шиг хахирган хавар байлаа ч хамаагүй ээ
Үл гүйцэлдэх хүслийн минь цэвдгийг гэсгээхээр онилох
Үг үгүй ч үнэн сэтгэлийн мишээлт өдрүүдийг би олж харъя
2012.02.18 Албан өрөөндөө