BLOGGER TEMPLATES AND IMVU Layouts »

Friday, May 18, 2012

Гитарт хайртай бүсгүйд



Чи надаас илүү түүнд хайртай
Чимээгүй хэвтэх үзэг минь гомдоллов
Чи надаас эрт түүнтэй учирсан
Цаг хугацааг хараагч зүрх минь гуниглав

Хямдхан “пик” шиг зүрх минь
Биеэ барилгүй салганаад
Ханын пийшингээ налж
Өглөө үдэшгүй шанлаад

Тамхиа асааж харцыг чинь мартаад
Тааварлашгүй занг чинь шүдэнзтэй зүйрлэж хаяад
Хараал идсэн рок хөгжим
Хямдхан урлаг болог гэж зүхэв...
                                                2008

                         Дотогшоо 2009 номоос. 24 дүгээр тал.
                           Гитарт хайртай бүсгүйд зориулсан шүлэг
   Жич: Пик гэж Pick юм. Хэхэ.Зураг дээрхийг хэлнэ

Wednesday, May 9, 2012

Цонхон дээгүүр урсах...



До септ, мажораас илүүрхэн эгшиглэхэд
Дорнын хэмээгдэгч саран дүүжлүүрийн олс
Надаас асуух мэт
Цонхоор өнгийв
Бүүдгэр гэрэлд царай минь
Баргар аяз гаргаж гөлийгөөд
Туучин гарсан голын ус шиг
Тунгалаг болохоор хичээж тэнэгтэв
Давтамжгүй хэмнэлийг
Дотроосоо хайгч миний
Цог гялбаагүй харц
Цонхоор гадагш ширтэхэд
Сентименталь зүрхний хэлтэрхий бүхэн
Шилэн дээгүүр урсах дусал болов
                                                2008

Thursday, April 5, 2012

Дотогшоо

Дотогшоо... улам дотогшоо

Дотогшлох тусам улам бүүдгэр

Донслох чимээнд өөрийгөө чимхээд

Доромжлол сөрөн алхав

Байшин нурах мэт хөгжим

Нууранд хүн живэх мэт төгсөхөд

Багтрах төдий энэ хилэн

Нууцлаг сэтгэлийг цочрооно

Дотогшоо... улам дотогшоо

Доргилтоос болж бөөр минь сугарчээ

Хоёр гартаа бөөрөө барьсаар

Хогийн савыг чиглэн ... дотогшоо дотогшоо

2008

Friday, March 9, 2012

Жинхэнэ яруу найрагчид зориулав

Ай! яаж ингэж дүрэлзэн омогшихыг

Аргил өнгөт хоолой чинь улам тодотгоно вэ

Үл цуцах эрч хүч унтарч гудайшгүй ааш аяг чинь

Хүлцэн тэвчих их төлөв, илт онцгой ажээ

Заналт шуурганд уруудагч хүн сүргийн дунд сөрөн зогсож

Зангуу мэт цээжиндээ баруун гараа авч далбаа мэт өргөхийг

Газарт буусан дагинасын эрэлхэг хөвгүүд чамд заав уу

Гарцаагүй тэдний нэг нь чи л өөрөө байв уу

Ай! Яаж ийм бүхнийг анирдуулах омогт харцтай төрөө вэ чи

Алга ташилт мэт харь ёрлолоос ангид оршиж чадна вэ чи

Унтаа хотын сүйрэл мэт ужиг энэ ертөнцийг

Ухаарах гэж ийн амьдрав уу, ухааруулах гэж ингэж тэмцэв үү

Сөнөсөн цамхагийн багана мэт хүндлэгдэх цогцосыг чинь

Сая живаа хэсэгт хувааж шүтэн муйхарлах хүн төрөлхтөнд зориулж

Өмнөөс чинь өршөөлийн үг хэлтэллээ баатар минь

Өгүүлэх минь шүлэг мэт санагдахаас урьтаж өөрийгөө би өөрөөсөө нууя

2012

Thursday, March 1, 2012

Харанхуйн дуулал


Хамгийн хүсэмжит жимс гүзээлзгэнээс цус дуслах аж
Хашгирч чаддаг энэ л ганц өнгө харанхуйг мөрөөддөгөө хэлээд байна
Хумсаа мэрж буй шаргал үст гоо охины харц мэт харанхуй
Хуурмаг үнэнийг илэрхийлсээр оршихуйн он дарааллыг балартуулахад
Махчин цэцэгс мэт хүн төрөлхтөн харанхуйг
Хамаг нүгэлтэйгээ хамт мартсан дүр үзүүлэн
Нарлаж буй хоригдлууд мэт гэмгүй царайлж алхлаач
Марталт гэдэг зөвхөн энэ өдрийн үдийн цай мэт хором ажээ. Гэвч
Үл гээгдэх үес мөчүүд дурсамжийн тэнгисийн цаад эргээс
Үлдэн хоцорсон гомдлоороо ус цавчлан наашилж
Хадан цохио хэлтлэн нүүлгэх мэт нэхэл хатуу ширтэхэд
Харанхуйн дуулал хэт гүнээс сонстож, нар атгахаар тэнгэр өөд цуурайтна.
2011

Жич. Дахин ийм dark шүлэг бичихгүй гэдгээ албан бусаар амлав би...

Friday, February 17, 2012

Гоо бүсгүйн гарт үхмээр хавар

Мэргэн буудагч гоо бүсгүй

Миний дуртай цамхаг дээрээс намайг намнах мэт

Амьдрах дур хүсэл улам төрөх энэ хаврыг

Албан өрөөндөө суун хүлээж байна би

Онилон харах нүдээрээ алхааг минь тооцоолж

Огцом хөдөлгөөн хийвэл дор нь нам буудахаар

Бэлтгэгдсэн тэр бууч бүсгүйн нүд шиг хурц тод хаврыг

Бичгийн ширээндээ суун ар дагзаараа мэдэрнэм

Нахиалах цэцэг шиг эмзэг гохондоо зөөлнөөр хүрч

Нарийн туяхан хуруундаа бөгж зүүх тухай түүний мөрөөдөл мэт

Гэгэлгэн хавар цонхны цаанаас гэтэн ирж

Гэнэт нуруунаас минь тэврэх мэт төөнөж байна

Хамгийн хүсэмжит үхлийг надад бэлэглэх тэр бүсгүйн

Харц шиг хахирган хавар байлаа ч хамаагүй ээ

Үл гүйцэлдэх хүслийн минь цэвдгийг гэсгээхээр онилох

Үг үгүй ч үнэн сэтгэлийн мишээлт өдрүүдийг би олж харъя


2012.02.18 Албан өрөөндөө

Wednesday, February 8, 2012

Тугалган цэрэгт зориулав


Орчин цагийн гоо бүсгүйн нүдний

Онцын тод будаг нь нулимстай тэрсэлддэг

Ойлгож байна уу цэрэг ээ, тэгэхээр

Одооноос эхэлж уйлуулж болохгүйг анхаар

Цэх зогс цэрэг ээ, чи бол зураач, гол нь цэрэг

Цэнэгтэй буунаас илүү зориг цээжинд чинь байх учиртай

Эмс охидын чих дөжрөөм, нүд сохлом шалиглалд

Эцэс үгүйг мэдэх мөртлөө, тийш хадуурагч

Ам нь хатуу агтнаас ялгагдах чанар чинь юу вэ

Алив надад шалавхан хэл, гүйгээд...гүйгээд

Зурагдсан тавиланг чинь хэлж өгье

Цээжээ урагш, хөлөө цэх. цэрэг минь

Зуухан дотроос тугалган зүрх олдвол

Тэр чиний халуун цогцос байх болно

Ёслолын буудлага, гоёмсог тагтай хайрцаг

Ёс төртэй найр наадам чиний үхлийг чимэх болно

Одоо явж тулаанд бэлд. Гутлаа тосло. Үсээ самна

Оройхон энийг үзээрээ “Хунт нуур” бүжгэн жүжиг...

2011