Wednesday, January 30, 2013


Тэр зураг дахин олдоогүй
Агаарын бөмбөлөг, цаасан шувуу, цэлмэг тэнгэр
Тэр зурганд байгаагүй
Алс газрын бяцхан суурин, тугалын хашаа, цэгцтэй гудамжууд
Тэмтрэгдэх тэр л зурагнаас
Ажиллахаа больсон үтрэм, халуун усны газар, хуучин байшингууд
Мэдрэмж төрүүлэн гэрэлтдэг

Тэр зураг дахин олдоогүй ч
Дээвэр дээр суух лимбэчин хүү, усанд явах Сарнайгийн дүр
Тэр зургаар дамжин тодорч
Дэлгүүрийн эгч, хямд чихэр, шинэхэн ШТС
Тээртэй хол санагдах бэлчээр, тариалангийн талбай
Цээжинд минь алслагдан тодорч байна

Тэр зураг, тэр зураг
Тэр л зурганд
Тэнгэрийн хаяа ягаарах мөч дурайж
Бүлээн элс, халуун хайрга, усанд шумбалт
Уруул минь хагарсан ч цус шүүрүүлэн инээмсэглэж
Ухаалаг, болгоомжтой явах тухай бодоо ч үгүй явсан нас минь буй.

Өө, тиймээ тэр зураг одоо олдохгүй
Өнгөрч явсан жуулчдын хичээнгүйлэн буулгасан
Тэр зурганд дурайн үлдэхийн тулд догдлон зогсож асан
Догдлол дүүрэн хөвгүүний сайртсан гар хэзээ ч юм шүлэг бичиж эхлэн
Дотно голын зэгс, дотор эвгүйрэм гүн цүнхээл, комбайн тракторын сэг, ер нь бүхнийг
Дотор сэтгэлдээ гал маналзуулан харшуулах хачин ойлгомжгүй өдрүүдийнхээ хаа нэгтээ гээж
Гэнэт л цонхоор харах атлаа өрөөн дөх өөрийгөө олж танин таг дуугүй зогсоо
Энэ л цагийн гөжүүд нэгний ирээдүй өөд их л итгэлтэй тэмүүлж байсныг нь яана.

2013 он 1 дүгээр сар






3 comments:

Р.Улам-Оргих said...

sain yawj bn uu, saihan shuleg bichjee ho...

Бэхэнзүрхт said...

Сайн явж байн аа хө. Эндээс ядаж шүлэг шиг шүлэгтэй буцах юмсан л гэж бодож байна даа.

Unknown said...

сайхан