Saturday, April 4, 2015

Өчнөөн жилийн шарх минь Өнөө хавар ч илааршихгүй нь ээ...

Тоос дарсан гитар мэт үүлс
Тогоруудын дууны зүг
Зүүн хойшоо нүүхэд
Зүүрмэглэсэн бүсгүй сэрэх нь
Салхинд зүүсэн навчис
Нов ногоон болоод
Саяын зүүд тэнд тодрохуй
Сохор хүн яруу эгшинд
Хаврын аяст согтоод
Тэнэмэл гөлөгний мөр
Шүлэг мэт харагдмуу
Тэнгэрт тогоруудын цуваа
Бийр адил үзэгдээд
Тоос дарсан гитар мэт үүлсийг
Тэнд таталсан зураач хүмүүний сүүдэр
Өвсөн дээр тусахуй хөглөгдөөд
Өлмийд бүсгүйн алчуур шиг унах нь
Үүл мэт гитарыг үүрд хөглөхгүйн шинж ээ...
Өвсний хэлээр зүрхний тус газар цэцэг дохих шиг
Өчнөөн жилийн шарх минь
Өнөө хавар ч илааршихгүй нь ээ...

Л.Энх-Амгалан 1994 он. Хөх зул

No comments: