Wednesday, October 12, 2011

Энгийн шүлэг

Энд хэзээ ч байгуулагдахгүй жазз бааруудыг хүлээж залхахдаа
Их олон хөгжимчин баян хуураа үүрэн их сургуулийн гудамжнаас явжээ
Эвлэгхэн кантри, этгээд блюзийг дуу хөгжмийн багш нар л санах болсноос хойш
Ихэмсэгээр смоукинг өмсөх атлаа, адгуус магтаж дуулагчид дэндүү олон болчихжээ
Дагшаа хэмнэлд халамцаж алхахыг хүссэндээ
Энэ хотоос залуус явах болно, тэдний нэг нь би
Дандаа уянгын дуу дуулдаг солгой гитарчин ах
Телевизийн “алтан фонд”-оор гарахад шүүрс алдаад
Багшийн сургууль, төмөр замын вокзал руу зөөлнөөр алхаж
“Тэндээс л хөгжим эгшиглэх ёстой гэж” хэлэн анирдана
Энд хэзээ ч байгуулагдахгүй жазз бааруудыг хүлээж залхахдаа
Энд хэзээнээс ч юм үзэгдсэн Ливерпүүлийн дөрвийн хөшөөнд мэхийн өнгөрөхдөө
90-ээд оны гранж, 70-аад оны панкийн тухай урамгүйхэн бодож
Эртний танил, домогт гитарчны хөшөөг интернетээр хараад хүчээр уйлна.

2 comments:

Б.Баясгалан said...

Ёо ёо ёо ёо, ямар сайхан шүлэг вэ?. Есөө чи одоо яг энэ мэдрэмжин дээрээ залгаад Муракамиг уншвал хүчээр биш аяндаа л уйлна...

Бэхэнзүрхт said...

Баярлалаа