Monday, January 23, 2012

Исгэсэн гурилын тухай үлгэр


Бүх зүйл Немц тэнгисийн загасчдын нэгэн тосгонд эхэлнэ. Тэнгисийн эрэг дээрх нурах шахсан гэрэлт цамхагт ядуу загасчин Ганс амьдрах аж. Намрын сүүл сард загас торонд орох нь эрс муудаж, загасчид өлөн зэлмүүн байдалтай өдөр хоногийг өнгөрөөж атал гайхал ядуу Ганс таргалаад нэг л биш ээ. Гансын тийнхүү таргалж, өнгө зүс орсон нь загасчдын сэжгийг төрүүлж, шалсаар үнэнийг нь хэлүүлсэн байна. Гансыг бүх үнэнээ тоочсоныг дор сийрүүлье.

Нэгэн өдөр Ганс нурах шахсан балгасан цамхгийнхаа хаалгыг нээтэл цаана нь өвгөн профессор Бройер зогсож байж. Бройер “Хэрэв чи хэнд ч энэ тухай хэлэхгүй гэвэл би чамайг бүх насаар чинь идэх хоолтой болгоё” хэмээжээ. Ингээд л Ганс өвгөн профессорын бүтээсэн “мөнхийн талх” буюу үл шавхагдах хүнстэй болов. Хүнс, талх гэхээс илүү исгэсэн гурил хэмээвэл оновчтой байх болов уу. Киллограм исгэсэн гурилаас хүн өдөрт талыг нь идээд маргааш нь болоход өнөөх нь эргээд л арвиждаг шидтэй идээ гэж байгаа.
Ганс нууцыг задалснаас хойш загасчид байнга өвгөн профессорынд очиж шалгаан, өлсгөлөн, зовлонгоо тоочицгоох болжээ. Гэвч өвгөн халгаадаггүй ээ. Энэ зуур өвгөн профессор исгэсэн гурилын ид шид олонд ил болж, ядуу Гансын чихэнд хүрэхэд тэрбээр мөнхийн талхаа зарахаар шийджээ. Хэдэн сар өнгөрөхөд Ганс мөнхийн талхны наймаачин болж, өөрийн идэх хувиас хугаслан зарж эхлэхэд бага зэрэг турсан нь илт мэдрэгдэнэ. Гэвч Ганс гэнэтхэн баяжиж, хуучин муу цамхгаас орд харшид амьдрах боллоо.

Тун удалгүй загасчны ядуу тосгон бүхэл бүтэн улс дэлхий даяар яригдаж байв. Харин энэ зуур баячууд мөнхийн талхны бизнес эрхлэх талаар төлөвлөгөө боловсруулж тосгоны загасчдаас талхыг нь худалдан авцгаахаар шийджээ. Баян худалдаачдын хүсэл нь тосгоны талхыг бүгдийг нь худалдан авч, үгүйрүүлээд эцэст нь талхны бизнесийг гартаа авах явдал байв. Гэлээ ч тэдэнд тосгоны оршин суугчдын хэн нь ч талхаа худалдсангүй. Бүр ямар ч өндөр үнэ санал болголоо гээд сонсох хүн байсангүй. Иймээс талхны бизнес эрхлэх санаатай явсан баячууд хувь нийлүүлсэн пүүс байгуулж, архины мухлаг, мөрийтэй тоглоомын газар, биеэ үнэлэгчдээр тосгоныхныг татаж талхыг нь авцгааж байлаа. Аажимдаа утга учиргүй зугаа цэнгэл, дээрэм, аллага, завхайрлын тосгон боллоо. Талхны бизнес өргөжихийн хэрээр элдэв шантаажаар хөлжигчид олширч байв. Энэ бүхнийг нүдээр харж бүтээлээ үзэн ядаж байсан эрдэмтэнг хэн ч сонссонгүй. Гол нь хүн бүр идэх хоолондоо санаа зовинохоо болж, ажил хийхээ больсон нь эдийн засагт асар их уршиг тарьж байв. Гэвч энэ бүхнээс айсан эрдэмтний үгийг улсын Сангийн сайд нь ч авч хэлэлцсэнгүй. Харин ч бүр талхыг гадаад орнуудад зарж улс орны эдийн засгийг хөгжүүлнэ гэв. Гэвч энэ зуур мөнхийн талх хэдийнэ тосгон, улсын хүрээнээс хальжээ. Бүх л улсад энэ талх хэрэглээ болсон байв.

Ганс нэг өглөө сэртэл түүний зарц авгай хөрш тосгон нэгэн эртэй суугаад одсон байв. Ойр орчмын ганц бие авгай нарыг ажиллуулахаар хэчнээн гуйвч ажил хөдөлмөр хийх хүн олдохоо байжээ. Тун удахгүй Гансын хөргөгч мөнхийн талхаар дүүрч аажмаар унтлагын өрөө нь талхны агуулах болж хувирав. Ганц бие өвгөн Ганс арга ядахдаа хажуу айлынхнаасаа талх идэхийг гуйвч гучхан метрийн зэргэлдээх хөршүүд нь ч түүний адил хэт таргалан хөдөлж чадахаа байжээ. Бүр хоёр байшингийн хоорондох гучин метр зайг ч “Хол байна” хэмээн залхууран хэвтэцгээх болов. Тун ч удалгүй өвгөн Ганс хэт өөхөлснөөс болж хөдөлж чадахаа больж гэдэс нь яз үсрэв. Аажмаар амтат хүнс болох талх нь түүнийг хучин авч хороожээ.
Айлууд талхаа идэж барахгүй хашаандаа асгацгаах боллоо. Өнөөх үнэд хүрч байсан баялаг гудамжаар хөглөрч, хийсч, хунгарлаж эхэллээ. Шөнөөр хэн нэгэн эр хөршийнхөө хашаанд талх асгаж байгаад баригдтал олон эр түүнийг барьж аваад овоорсон талх руу шидэж шийтгэв. Маргааш нь өнөөх эр талхнаас гарч чадалгүй амьсгал хураасан байв.Тосгоныхон арга ядахдаа өнөөх их талхаа тэнгис рүү шидэж үзжээ. Гэвч талхыг усанд хийхээр улам хөөж, томордог гэдгийг тэд мартжээ. Талхыг шатааж, тээрэмд хийж үйрүүлээд ч тосгон даяар цас хучсан мэт талханд дарагджээ.
Эцэст нь талхыг хүн төрөлхтнийг өлсгөлөлөнгөөс аврахын тулд зохиосон өнөөх эрдэмтэн алуурчнаараа дуудуулж, олон улсын гэмт хэрэгтэн болжээ. Түүнээс өөр үүнийг зогсоох хүн үгүй гэдгийг мэдэх атлаа хүн бүр эрдэмтнийг цаазлахыг хүсч эхэлжээ. Их гүрнүүд нь ядуу буурай орны газар нутагт талх авчирч асгаж, улмаар дайтаж гарлаа. Эрдэмтнээс өөр хэн ч түүнийг зогсоож болох талаар бодож, сэхээрч амжсангүй. Ингэснээр зохиол төгсдөг билээ.

А.Беляевын энэхүү зохиол манай улсад1990 онд орчуулагдсан байна. Дээхнэ үед “Эзнээ сольсон нь” нэртэйгээр хэвлэгдэж байсан “Амьтны ферм” гэх зохиолтой үнэт зүйлийн хувьд тун төстэй санагддаг юм. Гэхдээ “Мөнхийн талх” нь баялаг, эдийн засгийн утгыг түлхүү хэлж өгснөөрөө “Амьтны ферм”-ээс дэвшилтэт юм шиг ээ. Анх энэ зохиолтой Хүүхдийн номын ордны “Мөрөөдөл” уншлагын танхимд танилцаж билээ. Одоо ч энэ ном тэнд буй. Харин ирээдүйн оюунлаг сэхээтнүүд маань энэ номыг олж уншсан болов уу. Тиймээс л өнөөдөр ийн зохиолын товчлолыг хүргэлээ. Учир нь эдийн засгийн энэ ойлгомжгүй цаг үед энэ мэт ном л хүүхэд залуучуудад хэрэгтэй байх. Бидэнд баялаг байгаа. Зохиол дээрхээс ялгаатай нь шавхагдах баялаг. Гэхдээ баялгийг дагаж бий болдог бүх сөрөг үр дагаврууд адил байх болно. Зохиолыг хүүрнэсний учрыг хувь хувьдаа эргэцүүлээрэй. Бүрэн эхээр нь уншихыг хүсвэл нэрийг нь дахин хэлчихье. А.Беляев “Мөнхийн талх” шүү.

Т.Есөн-Эрдэнэ www.time.mn

No comments: