Tuesday, June 21, 2016

Борооноор гэртээ ирэхэд...

Мөдхөн бие минь хатаж хөнгөрнө өө!
Мөрөн дээрх хүрэм минь ч ялгаагүй гэсээр
харьж би яаран иртэл
зутруухан оромжны минь ханын зуухны
тортогт хөндийгөөс хэзээ ч билээ
хатаж тоосрон дэгдсэн хув хуурай
хуучин саарал гунигууд яагаад ч юм
энэ борооны дусал бүрт шингэн
эгц унан ирж буй нь мэдрэгдэхэд
цонхны цаадах хөшингө ганц улиасны
нойтон навчис цэл ногооноор уйлна.
Улирсан юм бүхэн
эргэж санагдах сэжимтэйг
уужирч тунгаан дуугүй суутал
удсан ч үгүй бороо зогслоо
уурших учиртай гунигт дурсамжууд
дээврийн төмрийг тогших нь намжлаа
Үл таних гийчин мэт гаднаа би зогсоод
өнгө орж угаагдсан дээвэр өөдөө
өнгийж ганцаар харсаар үлдлээ.

2015

No comments: