Wednesday, October 5, 2011

Тэнгисийн шүлэг



Зах хязгаарыг нь хайж залхахдаа тэнгисийн дунд
Ганц цахлай гашуудлын тухай дуулжээ
Хувь зохиолыг нь зөгнөх эрх надад үгүй тул
Худал гүтгэлэг мэт шүлэг бичмээргүй байна
Ярьсан бүхний минь утга төгсөх албагүй болохоор
Яаруулж надаас битгий асуу, битгий шаард
Харанхуй руу шунгах шаардлага цахлайд байсныг
Харахыг хүсээгүйдээ сохорчихсон гэнэ лээ бид
Одоо л амжиж нисэхгүй бол дахиж уулзахгүй нь гэж
Боомтын манаач суг таягаа даялан сургааль айлдах шиг
Ойлгомжтой атлаа үл зөвшөөрөм яриа тэнд өрнөснийг
Ор тас мартаад би цахлайн зүг аврагч мэт сэлүүрдсэн
Хүйтэн давалгаандаа хөл хүргэх хүсэлгүй тэнгисийн эзэн
Хүний үнэргүй амьтдыг залгидаг гэж би тайвширсан ч
Эрчит шуургандаа эмгэнэлийн дохио хангинуулсаар
Завийг минь хөмөрч, сэлүүрийг минь хугалжээ, тэр их хүчин
Одоо л амжиж нисэхгүй бол дахиж уулзахгүй нь гэж
Боомтын манаач суг таягаа даялан сургааль айлдсан шиг
Бүдэг дуун ноёлосон усны ертөнцөд
Бүрээ болоод бөмбөр яагаад нүргэлэх шаардлагагүйг ойлгох
Сүр жавхлант нам гүм энэ л орчинд
Сүүдрээсээ би салж, эрхшээл дундаас эрх чөлөөг олжээ
Харанхуйд шунгах шаардлага надад байсныг
Харахыг хүсээгүйдээ сохорчихсон байжээ би...
2011.10.05

3 comments:

Р.Улам-Оргих said...

89... 89... 89...

Я.Баяраа said...

Nurgeen shurgene. chihiig...

Бэхэнзүрхт said...

Та хоёрын энэ сэтгэгдэл надад долоо хоногийн турш надад тийрэлтэт хөдөлгүүр болох нь дамжиг байхгүй